УИХ-ын нэр бүхийн дөрвөн гишүүн НӨАТ-ын хувь хэмжээг таван хувь болгон бууруулах хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан байна. Энэхүү хуулийн төслийг 2019 онд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өргөн барьсан боловч хэлэлцэхгүй байсаар их хурлын дэгийн тухай хуулийн дагуу буцаагджээ. Харин дахин шинэ парламент бүрдэж нэр бүхий гишүүд хамтран хуулийн төслийг дахин өргөн барьж байгаагаа хэлэв.
Өнөөдрийн байдлаар Монгол улсад 180 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас 80 мянга нь НӨАТ төлөгчөөр бүртгүүлжээ. 250 мянган хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдээс 50 мянга нь НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн байна. Яагаад ийм бага хувиар НӨАТ төлөгчөөр бүртгүүлж байгаа шалтгааныг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж НӨАТ-ын татвар хэт өндөр байгаатай холбон тайлбарлалаа. 2024 оны байдлаар НӨАТ-ын татвар нийт татварын 24 хувийг бүрдүүлж байна. Татвар багассанаар татвар буурна гэж ойлгож болохгүй. Харин ч татварын бааз суурь өргөжнө гэж үзэж буйгаа тэрбээр илэрхийллээ.
Ташрамд дурдахад нийт 200 гаруй орны 80 орчим хувь нь НӨАТ-ын арван хувиас доош татвартай. 20 хувийн татвартай цөөн улс орнууд байдаг. Гэхдээ эдгээр улс орнууд буцаан НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээ нь маш өндөр байдаг гэж хууль санаачлагчид мэдэгдлээ.