horoscope
horoscope
horoscope
userГ. Мөнх-Эрдэнэ

Украины зэвсэгт хүчин Курскийн бүсээс шархадсан хоёр Умард Солонгос цэргийг олзолжээ

post-img

Украины зэвсэгт хүчин Оросын Курскийн бүс дэх тулааны үеэр шархадсан хоёр Умард Солонгосын цэргийг олзолсон талаар Украины ерөнхийлөгч В.Зеленский өнгөрсөн бямба гарагт мэдэгжээ.

Тэрээр Умард Солонгосын хоёр цэргийг нийслэл Киев хот дах Украины Аюулгүй байдлын албаны хяналтанд байлгаж байгаа ба тэдэнд эрүүл мэндийн шаардлагатай тусламжийг үзүүлсэн тухай хэлсэн байна. В.Зеленский мөн Умард Солонгосын цэргүүдийг баривчилж олзолсон явдалд талархаж байгаагаа өөрийн орны цэрэг, дайчдад илэрхийлжээ. Тэрээр энэ дайнд Умард Солонгосын цэргүүд Оросын талд дайтаж байгаа гэсэн баримт нотлогоог устгаж, шархадсан Умард Солонгосын цэргүүдийг оросууд өөрсдөө хөнөөж, цааш нь харуулж байгаа үед дээрх хоёр цэргийг амьдаар нь олзолно гэдэг тийм ч амаргүй даалгавар хэмээн хэлсэн байна.

Украины тагнуулын албаны зүгээс Умард Солонгосын хоёр цэргийг энэ сарын 9-ний өдөр олзолж, Женевийн конвенцийн дагуу тэдэнд шаардлагатай эрүүл мэндийн тусламжийг үзүүлсний дараа Киевт авчирч, олон улсын эрхзүйн хэм хэмжээнд нийцсэн орчин нөхцөлд тэднийг хорьж байгаа хэмээн мэдэгджээ. Түүнчлэн Умард Солонгосын цэргүүд украин, орос, англи хэл мэдэхгүй учраас Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын албатай хамтран ажиллаж, солонгос хэлний орчуулагчаар дамжуулан тэдэнтэй ярилцаж, тэднээс байцаалт авч байгаа талаараа мэдээлсэн байна. Украины төрийн тэргүүн мөн сэтгүүлчдийг Умард Солонгосын цэргүүдтэй уулзуулах зааварчилгааг Аюулгүй байдлын албанд өгснөө өөрийн Telegram болон X хуудсууддаа мэдээлж, “дэлхий ертөнц юу болж байгааг, үнэнийг мэдэх хэрэгтэй” хэмээн бичсэн байна.

Мөн тэрээр мэдэгдэлдээ хоёр шархадсан цэргийн 4 зургийг хамт нийтэлсэн бөгөөд нэг зурган дээр Умард Солонгосын цэрэг Оросын цэргийн улаан өнгийн үнэмлэх барин зогсч байгаагаар гарчээ. Тэрхүү үнэмлэх дээр түүний төрсөн газрыг ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсад төрсөн гэж бичсэн бөгөөд Украины тагнуулын албанаас түүнийг Тува улсын өөр иргэний нэр дээр бүртгэсэн талаар мэдээлсэн бол Умард Солонгосын нөгөө цэрэг нь ямар ч бичиг баримтгүй байжээ. Мөн байцаалтын үед бичиг баримттай цэрэг уг үнэмлэхээ 2024 оны намар ОХУ-д авсан талаараа мэдүүлсэн гэжээ. Тэрээр 2005 онд төрсөн, 2021 оноос БНАСАУ-ын зэвсэгт хүчинд (явган цэрэг) зүтгэж байгаа, Украины эсрэг дайнд оролцоно гэдгээ мэдэлгүйгээр нэг долоо хоногийн байлдааны бэлтгэлд хамрагдсан тухайгаа мэдүүлсэн хэмээн Украины тагнуулын алба батлаж байна. Харин Умардын нөгөө цэрэг нь эрүүндээ гэмтэл авч, ярьж чадахгүй байгаа тул бичгээр мэдүүлэг өгч байгаа бөгөөд Украины тагнуулын албанаас мэдээлснээр тэрээр 1999 онд төрсөн, 2016 оноос хойш БНАСАУ-ын зэвсэгт хүчинд мэргэн буучаар зүтгэж байгаа гэжээ.

Өнгөрсөн сард Украины зэвсэгт хүчний албаны хүний мэдэгдсэнээр Курскийн бүсэд тулалдаж байгаа 200 гаруй Умард Солонгосын цэрэг амиа алдаж, мөн шархдаад байгаа гэсэн юм. 2024 оны 11 сараас эхлэн Украины тал 10-12 мянган Умард Солонгосын цэрэг Орост дайчлагдан ирж байгаа талаар мэдээлж эхэлсэн бол өнгөрөгч сард Цагаан ордон болон Пентагоны зүгээс Умард Солонгосын цэргүүд Курскийн бүсэд Оросын зэвсэгт хүчинтэй хамтран галын шугаманд дайтаж байгааг батласан мэдэгдлийг хийсэн билээ.

0/1000