Эрх баригчдын саалийн үнээний сүүг амсаж үзэх юм сан
Чих чимэглээд өнгөрсөн нэгэн мэдээг энд сануулъя. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг нээлттэй хувьцаат компани болгож, нийт хувьцааны 10 хувийг иргэдэд эзэмшүүлнэ. 2018 оны 1-р сарын 10-нд Засгийн Газар ийм шийдвэр гаргасан юм. Санаж байна уу? Тухайн үедээ л олныг баярлуулаад, тун удалгүй мартагддаг ийм мэдээг Засгийн Газар зөндөө гаргадаг. Түүнд нь бид дөжирчээ. Маш чухал мэдээг ч маргааш нь санахаа больж. Тухайн үед энэ шийдвэрийг гаргасан Ерөнхий сайд У.Хүрэлсүх одоо Ерөнхийлөгч болчхоод, үүнийгээ таг мартчихсан бололтой.
Эрх баригчид саалийн үнээнийхээ сүүг ард түмэндээ амсуулах дургүй. Амсуулна гэж амладаг ч амандаа хүрдэггүй. Өрмийг нь өөрөө хамаад, сүүг нь цүнх баригчдадаа хүртээчхээд, ард олонд хусам түлхэх санаатай. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаанаас ард олонд яаж хувь хүртээсэн юм. Тэрийг өгөөгүй бол ч түй ч гэх юмгүй сууж байх байж шүү, өдийд бид. 2010.07.07-нд УИХ-ын гишүүд “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” 39 дүгээр тогтоол гаргахдаа их л сайхан зантай байж дээ. Жаахан халамцахаараа халаасан дахь мөнгөө хүүхдүүддээ тараадаг эцэг хүн шиг.
Төрд байгаа бүхнийг ард түмэнд тараа гээгүй шүү. Төр бүгдэд гар дүрдэг, өмчилдгөө больж, нээлттэй хувьцаат компани болго гэж байгаа юм. Уг нь ар араас нь хувьчилмаар, хувьцаа гаргамаар компани олон байвч Засгийн Газар амнаасаа бусдыг нь хөдөлгөсөнгүй. Хүсэл үгүй болоод л тэр биз.
Хувьчлах жагсаалтад багтсан компаниуд алдагдалтай ажилласаар байна
“Төрийн бүтээмжийг сайжруулна”. Энэ бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн амлалт. Төрийн бүтээмжийг сайжруулах ажлын эхлэл болгож, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн засаглалыг сайжруулахаар төлөвлөж, 2022.06.29-нд Засгийн Газар зарим шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл тухайн үед “2022-2023 онд Хөрөнгийн биржээр дамжуулан, 25 компанийг олон нийтэд нээлттэй, хувьцаат компани болгоно” гэж мэдээлсныг санаж байна.
Төрийн банк, Монголын хөрөнгийн биржийн хувьцааг амжилттай арилжсан. Монголын цахилгаан холбоо, Үндэсний давхар даатгал, Мэдээлэл холбооны сүлжээ, Мэдээлэл технологийн үндэсний парк болон авто замын засвар арчлалтын (АЗЗА) компаниуд араас нь хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжих ёстой. Үүн дундаас “Мэдээлэл, технологийн үндэсний парк” ААТҮГ 2023 онд 201.1 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж, нэрээ баастав. Алдагдалтай ажилладаг компанийн хувьцааг хэн авах вэ дээ. Хувьцааг нь 100% арилжвал юу юм гэхээс. Алдагдлыг нь ашиг болгон хувиргах тооцоог цээжиндээ хийсэн менежер л түүнийг авч зүрхэлнэ. Харин төр хяналтын багцаа авч үлдээд, 34%-ийг нь арилжих өнөөгийн нөхцөлд тийм тооцоо хийж, цагаа үрэх менежер байхгүй.
Засгийн Газар хувьчлах аж ахуйн нэгжийн жагсаалт гаргаж, хөрөнгийн зах зээл дээр горьдлого төрүүлээд л байдаг, гэвч хэрэгжүүлсэнгүй. 2010-2012 онд 8, 2015-2016 онд 15, 2022-2023 онд 6 аж ахуйн нэгж хувьчлахаар жагсаалт гаргасан ч цаасан дээрээ үлдсэн.
Засгийн Газарт 99 компани байна
ТӨБЗГ-ын 2023 оны эцсийн мэдээллээр төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд 99 байна. Үүнийг ангилбал:
- ТӨХК-48,
- ТӨХХК-23,
- Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд-11,
- Төрийн өмчит үйлдвэрийн газар-17,
- Орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд 472 (өрхийн эмнэлэг, эм эргэлтийн сан, нөхөрлөл, аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар)
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой нийт 123 компани бий. 58.087 ажилтантай эдгээр компанийн 54 нь алдагдалтай ажиллажээ. Алдагдал хүлээсэн аж ахуйн нэгжүүддээ Засгийн Газар татаас өгч, татвар төлөгчдийн мөнгийг дэмий үржээ.
Доорх 6 яам хуулийн 42 этгээдийн хувьцааг 100% эзэмшиж байна. Үүнд:
- Эрчим хүчний яам-27,
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газар-15 (Эрдэнэс Монгол нэгдэл),
- Сангийн яам-7,
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам-1,
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам-4,
- Зам, тээврийн хөгжлийн яам-3 хуулийн этгээд
Эдгээр компани, үйлдвэрийн газар 2023 онд нийт 23 их наяд 617 тэрбум төгрөгийн орлого олж, 16 их наяд 912 тэрбум төгрөгийн зардал гаргажээ. Үүн дундаас 4 их наяд 983 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олсон байна. Эдгээр аж ахуйн нэгж 64 их наяд 200 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй ажээ.
Нэгтгэхээр төлөвлөсөн аж ахуйн нэгжүүдээ нэгтгэсэн үү?
Чиг үүрэг нь төстэй, давхардсан аж ахуйн нэгжүүдийг нэгтгэхийг холбогдох яам, ТӨБЗГ-т Засгийн Газар 2022.06.29-нд даалгасан юм. 2022 онд улсын төсөвт үйлдвэрийн 44 газар байсан бол 2023 оны 41 болгожээ. Төрийн өмчит үйлдвэрийн 26 газар байсныг 18, төрийн өмчийн 112 компанийг 85 болгож цөөлсөн байна.
Эрчим хүчний хөгжлийн төв, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн гэсэн 3 ТӨААТҮГ-ыг нэгтгэн, ХХК болгохоор 3 жилийн өмнө шийдвэрлэсэн юм. Харин 2022.08.24-нд Засгийн Газар 318 дугаар тогтоолоороо Эрчим хүчний хөгжлийн төв, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийг нэгтгэн, “Эрчим хүчний үндэсний төв” ХХК байгуулжээ.Тус компанийн нийт хувьцааны 70%-ийг Эрчим хүчний яам, 30%-ийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эзэмшдэг. Нэгтгэлгүй үлдээсэн Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн одоо ТӨҮГ хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна.
ЦЕГ-ын харьяанд байсан “Цагаан шонхор” дүрэмт хувцасны үйлдвэрийг 2022 оны 10 дугаар сард Хуулзүй, дотоод хэргийн яамны харьяа “Бөртэ” оёдлын үйлдвэртэй нэгтгэв. Эдгээр үйлдвэр тусдаа байхдаа ТӨҮГ байсан бол нэгтгэснээр “Бөртэ” ТӨААТҮГ болгожээ. Үүний үр дүнд цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын дүрэмт хувцсыг нэг стандартаар үйлдвэрлэн, “ISO:9001-2015” стандарт нэвтрүүллээ.
ШУА-ийн Геологийн хүрээлэн, Үндэсний геологийн албыг хооронд нь нэгтгэхээр Засгийн Газар шийдсэн ч одоогоор эдгээр байгууллага тус тусдаа үйл ажиллагаа явуулж байна.
“Геологийн судалгааны төв”, “Геологийн төв лаборатори” ТӨААТҮГ-уудыг Засгийн Газрын 2022.08.24-ний өдрийн “Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрын талаар авах арга хэмжээний тухай” 317 дугаар тогтоолоор нэгтгэн, “Геологийн судалгаа, шинжилгээний төв” ТӨААТҮГ болгон өргөжүүлжээ.
“Зам, тээврийн хөгжлийн төв”, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ыг хооронд нь нэгтгэн, төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулахаар болсон. Гэхдээ эдгээр газрыг одоо болтол нэгтгээгүй, тусдаа үйл ажиллагаа явуулж байна.
Татан буулгах, бүтцийг нь өөрчлөхөөр төлөвлөсөн компаниудаа яав?
“Радио, телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ, “Хөдөө аж ахуйн бирж” ХХК, “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ыг татан буулгаагүй, өөрчлөөгүй байна.
“Авто-Импекс” ТӨХК-ийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон, ашиг байтугай орлого олоогүй, 2024 оны 11 дүгээр сарын байдлаар 6.3 тэрбум төгрөгийн өртэй байв. 2023 онд 148.4 сая төгрөгийн алдагдал хүлээж, алдагдалтай ажилласан 54 компанийн 49-т тус компани жагсжээ. Энэ компанийн алдагдлыг төлүүлэх, төрийг хохиролгүй болгож, татан буулгахаар 2024.11.18-нд ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ТӨБЗГ, нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын удирдлагуудад чиглэл өгчээ.
Германы хөрөнгө оруулалттай “ГерМон газ” ХХК-ийг Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг түшиглэн, нүүрс хийжүүлэх үйлдвэр байгуулж, жилд 650 мянган тн бензин үйлдвэрлэхээр 2013 онд байгуулжээ. Одоо үүнийгээ татан буулгах, эсвэл өөр компанитай нэгтгэх шаардлагатай болоод байгаа аж.
“Спортын бэлтгэлийн төв” ТӨААТҮГ 2018 онд Үндэсний аудитын газраас сөрөг дүгнэлт авчээ. Булган аймгийн Хангал суманд байрлах “Спорт бэлтгэл, сургалтын төв”, “Техник спортын төв” ТӨҮГ-ыг 2022 онд хооронд нь нэгтгэж, “Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төв” ТӨААТҮГ болгон, өөрчилжээ. Гэсэн ч дээрдсэнгүй. Үндэсний шигшээ багийн бэлтгэл, сургалтын төв 2023 оны эцэст 265.1 сая төгрөгийн алдагдалтай ажилласан байв.
“Буянт-Ухаа спортын ордон” ТӨҮГ-ыг 2022 онд “Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төв” ТӨААТҮГ-т нэгтгэжээ.
Төрийн өмчийн компаниуд 2023 онд улсад 5.4 их наяд төгрөгийн татвар төлжээ. Гэтэл 22.8 их наяд төгрөгийн өртэй байна. Төрийн өмчит компаниуд нэг нэгэндээ нийт 3 их наяд төгрөгийн өр тавьсан байв.
Төр 2017 онд алдагдал хүлээсэн компаниуддаа 22.9 тэрбум төгрөгийн татаас олгосон бол 2024 онд 275 тэрбум төгрөг болгож, нэмлээ. Энэ бол тухайн компаниудыг алдагдлаас гаргахын оронд урамшуулсан хэрэг. Төр татаас өгөх салбарыг цөөлөх ёстой. Алдагдлаас гарах, ашигтай ажиллахыг шаардах учиртай. Ашгийн төлөө ажилладаг төрийн өмчит компаниудыг хувьчлах хэрэгтэй.