horoscope
horoscope
horoscope
userГ. Мөнх-Эрдэнэ

АНУ, Их Британи улсууд Оросын газрын тос, эрчим хүчний экспортын эсрэг хоригоо чангатгаж эхэллээ

post-img

АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байдены засаг захиргаа Украины дайныг санхүүжүүлж байгаа Москва-гийн эрчим хүчний салбарын орлогод сөргөөр нөлөөлөхийн тулд ОХУ-ын эсрэг хатуу хориг арга хэмжээ аваад байна.

Оросын эсрэг энэ удаагийн хоригт борлуулагчид, даатгалын компаниуд, газрын тос тээвэрлэгч олон зуун ачааны усан онгоцууд гээд 200 гаруй аж ахуй нэгж, хуулийн этгээд болон хувь хүмүүсийг багтаажээ.

ОХУ-ын эсрэг АНУ-ын энэхүү шинэ хоригт Их Британи улс нэгдэж, Оросын Газпром Нефть, Сургутнефтегаз зэрэг компаниудын эсрэг хориг тавиад байна. Их Британийн Гадаад хэргийн төрийн нарийн бичгийн дарга Дэвид Лэмми хэлэхдээ “Оросын газрын тосны компаниудын эсрэг хориг тавих нь Оросын дайны санхүүжилтийг зогсоох бөгөөд бидний Путины халааснаас салган авч байгаа рубль бүхэн Украинчуудын амь насыг аврахад туслах болно” гэжээ.

АНУ-ын Сангийн төрийн нарийн бичгийн дарга Жанет Йеллен Оросын газрын тосны экспортод дэмжлэг үзүүлдэг ачааны усан онгоц болон хөрөнгө санхүүгийн бизнесүүдийг хоригт багтаасныг онцолжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден мөн хоригийн талаар хийсэн мэдэгдэлдээ энэхүү хоригоос шалтгаалж дотоодын шатахуун түлшний үнэ литр тутамд 1 центээр нэмэгдэх боловч Оросын эдийн засгийн өсөлтөд хангалттай сөрөг нөлөө үзүүлэх болно гэдгийг онцолсон байна.

Байдены засаг захиргааны авч хэрэгжүүлээд байгаа Оросын эсрэг энэхүү шинэ хоригийн зарим арга хэмжээг нь хууль болгон батлахаар болсныг АНУ-ын Сангийн департаментаас зарласан байна. Өөрөөр хэлбэл заавал дагаж мөрдөх ёстой болж байгаа бөгөөд хоригийг цуцлахын тулд шинэ ерөнхийлөгчийн засаг захиргаа Конгрессын хэлэлцүүлэг, санал хураалтаар оруулах шаардлагатай болох ажээ. Вашингтоны зүгээс мөн Оросоос хууль ёсны дагуу эрчим хүч худалдан авч байгаа хэрэглэгчдийн эсрэг хатуу хязгаарлалт тавихаар ажиллаж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.

ОХУ-ын эсрэг тавьсан АНУ-ын шинэ хоригийн талаар Украины ерөнхийлөгч В.Зеленский талархал илэрхийлсэн мэдэгдэл хийжээ.

Харин ОХУ-ын ГХЯ 11-ний өдөр мэдэгдэл гаргаж, Оросын эрчим хүчний салбарт шинэ хориг арга хэмжээ авах Америкийн шийдвэрт Оросын тал хариу арга хэмжээ авна гэжээ. Тус мэдэгдэлд “АНУ-ын засгийн газар дэлхийн зах зээлийн тогтвортой байдлыг алдагдуулахын тулд золиос болгож Оросын эдийн засагт хохирол учруулахыг оролдож байна. Гэвч энэ хоригийн улмаас АНУ-ын холбоотнууд болон Америкийн энгийн иргэдийн эрх ашиг л хохирох болно” хэмээн дурджээ.

0/1000