Өнгөрсөн сарын сүүлээр Өмнөд Солонгосын Муан хотын олон нисэх онгоцны буудалд осолдсон Чэжү Эйр компанийн нисэх онгоцны хоёр хар хайрцгаас гаргаж авсан дата мэдээллийг шалгаж үзэхэд эдгээр төхөөрөмжүүд онгоц осолдохоос өмнөх 4 минутын өмнө ажиллагаагүй болсон байжээ.
БНСУ-ын Зам тээврийн яамнаас 1-р сарын 11-нд мэдэгдсэнээр хоёр хар хайрцаг буюу “нислэгийн мэдээлэл хураагч” болон “бүхээгийн дуу хураагч”-ийг шалгахад нисэх онгоц хөөрөх зурвасын төгсгөлд бетон байгууламжийг мөргөхөөс өмнөх 4 минутын мэдээллийг хураагаагүй байна.
Өөрөөр хэлбэл ослын өдөр орон нутгийн цагаар 8 цаг 59 минутаас зорчигч тээврийн нисэх онгоц бетон байгууламжийг мөргөн дэлбэрч, гал гарсан 9 цаг 03 минутыг хүртэлх 4 минутын мэдээллийг хар хайрцаг бичиж аваагүй бөгөөд үүний шалтгааныг олохоор мэргэжилтнүүд ажиллаж, судалсаар байна. Тэдний хэлснээр онгоцны нисгэгч онгоц шувуу мөргөсөн байж магадгүй байна хэмээн агаарын хяналтын цамхагт мэдэгдэж, ослын буулт хийхээр ахиад нэг оролдоод үзэх талаараа хэлсний дараа бичлэг зогссон гэжээ.
Мөрдөн шалгах багийн зүгээс онгоцны хөдөлгүүрийн үлдэгдлээс шувууны өд олдсон тухай мэдээлж, шувуутай мөргөлдсөн нь онгоцны үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлснийг гүнзгийрүүлэн судалж байгаагаа хэлсэн байна.
Хөндлөнгийн эксперт мэргэжилтнүүд үүний шалтгааныг онгоцон доторх цахилгаан, эрчим хүчний эх үүсвэр тасарч, ажиллахаа болсонтой холбоотой болов уу гэсэн таамгийг дэвшүүлж байгаа юм.
Онгоцны ослыг мөрдөн шалгах БНСУ-ын тусгай мөрдлөгийн баг АНУ-ын Үндэсний зам тээврийн аюулгүй байдлын албаны мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, хар хайрцгуудыг шалгах ажлыг гүйцэтгэж байна.
Хямд тасалбартай Jeju Air компанийн Бангкок-Муан чиглэлийн онгоц 2024 оны 12-р сарын 29-ний өдөр осолдож, онгоцонд байсан нийт 181 хүнээс 179 нь амь үрэгдэж, 2 хүн амьд үлдсэн билээ.