Өнгөрсөн бямба гарагт Францын Страсбург хотын метроны төв буудалд хоёр трамвай мөргөлдсөний улмаас 68 хүн бэртэж гэмтсэн талаар эрх баригчдын зүгээс мэдэгджээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр нэг трамвай тодорхойгүй шалтгааны улмаас зогсч, ухарч хөдлөх үед хуваарийн дагуу ирж явсан өөр нэг трамвай мөргөсөн бөгөөд осол гарах үед хоёр трамвайн жолоочийн бүхээгийн цонхнууд хагарч, хаалга нь салж унан, дотор нь зорчиж явсан олон хүн гүйлдэн гарч, утаа гарч, түгшүүрийн дохио дуугарч байгаа бичлэгүүд цахим орчинд тархсан байна.
Хотын хэвлэлийн төлөөлөгч мэдээлэхдээ ослын улмаас хүний амь нас үрэгдээгүй бөгөөд энэхүү ослын шалтгааныг олж тогтоох мөрдөн шалгах ажлыг эхлүүлсэн гэжээ. Прокуроруудын зүгээс зориудаар үйлдсэн осол биш гэдгийг мөн онцолсон байна.
Басрин мужийн Гал сөнөөх, аврах албаны дарга Рене Селльерын хэлснээр ихэнх хүмүүс хөнгөн гэмтэл, доргилт авсан бол хуйхны шарх, эгмийн хугарал, өвдөгний холбогч эдийн суналт зэрэг хүнд гэмтсэн хүмүүс ч байгаа гэжээ.
Мөн тэрээр ослын газарт тус албаны 50 машин техник, 130 гал сөнөөгч, аврагчид ажиллаж байгааг нэмж хэлсэн байна.
Мөргөлдсөн хоёр трамвайн жолооч нар бэртэл, гэмтэл аваагүй ч маш их цочирдсон талаар Страсбург хотын нийтийн тээврийн зохицуулах газрын дарга Эммануэль Анью мэдээлжээ.