horoscope
horoscope
horoscope
userГ. Мөнх-Эрдэнэ

Швейцарь, Серб улсууд Путин-Трампын уулзалтыг зохион байгуулах санал тавьжээ

post-img

Сүүлийн үед яригдаж эхлээд байгаа Трамп-Путин нарын уулзалтыг өөрийн улс оронд зохион байгуулах саналыг Швейцарь, Серб улсууд тавьжээ.

Украины дайныг өндөрлүүлэх асуудлаарх энхийн яриа хэлэлцээг явуулах хүсэлтэй байгаагаа аль хэдийнээ талуудад илэрхийлсэн гэдгээ Швейцарийн ГХЯ-наас ням гарагт мэдэгдсэн байна. 

Гэхдээ Олон улсын эрүүгийн шүүхээс гаргасан В.Путиныг баривчлах тушаал тэдний уулзалтад саад болж магадгүй байгаа ч Швейцарь улсын Гадаад харилцааны департаментын харилцаа холбооны тэргүүн Николя Бидо хэлэхдээ энх тайвны яриа хэлэлцээнд Швейцарийн эрх баригчид аюулгүй байдлын баталгаа гаргах болно гэдгийг цохон тэмдэглэжээ.

Харин Сербийн ерөнхийлөгч Александр Вучич ням гарагт хийсэн мэдэгдэлдээ Серб улс нь Трамп, Путин нарын уулзалтыг зохион явуулах “гайхалтай тохиромжтой” байршил болохыг тодотгосон байна. Сербийн өргөн нэвтрүүлгийн RTS телевизэд өгсөн ярилцлагадаа А.Вучич өөрийн орныг Орос болон барууны зөрчилдөөнд дундыг баримтлагч хэмээн тодорхойлоод, “Сербид Д.Трампын дэмжигчид маш олон байдаг, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин ч мөн манай улсад маш алдартай” хэмээн онцолжээ.

Түүнчлэн Сербийн ерөнхийлөгч өөрийн улсыг НАТО гэх зэрэг цэргийн эвсэлд хамаарагддаггүй учраас энх тайвны яриа хэлэлцээ явуулах уулзалтыг зохион байгуулахад хамгийн тохиромжтой гэдгийг нэмж хэлсэн байна.

Д.Трампын хувьд ирэх даваа гарагт тангараг өргөж, төрийн тэргүүний албандаа орох бөгөөд тэрээр сонгуулийн сурталчилгааны кампанит ажлынхаа үеэс эхлэн Украины дайныг өндөрлүүлэх болно, тэр ч бүү хэл нэг өдрийн дотор дуусгана хэмээн ярьсаар ирсэн. Д.Трамп мөн В.Путинтэй уулзахаар тохироод байгаагаа саяхан мэдэгдсэн. Тэрээр Путин түүнтэй уулзахыг хүсэж байгаа гэсэн бол Кремлийн зүгээс яриа хэлэлцээ явуулахад нээлттэй гэдгээ хариу мэдэгдсэн юм. Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөрөө улиран сонгоод байгаа Майк Уолцын мэдэгдсэнээр Трамп, Путин нар ойрын өдрүүдэд утсаар холбогдож, ярилцах болно гэжээ.

0/1000