horoscope
horoscope
horoscope
userГ. Мөнх-Эрдэнэ

12 жилд нэг удаа тохиодог хинди шашны хамгийн том баяр даваа гарагт эхэллээ

post-img

Энэтхэгийн хинди шашны хамгийн том баярт тооцогддог, 12 жилд нэг удаа тохиодог Кумбх Мела хэмээх ариун угаалга үйлддэг баяр даваа гарагт тус улсын хойд хэсгийн Праяаграж хотод эхэллээ.

Энэтхэгийн хамгийн ариун гэгддэг Ганга мөрний Ямуна голтой нийлсэн Сангам цутгалд ойрын 6 долоо хоногийн үргэлжлэх энэхүү шашны баярын үеэр олон мянган шүтлэгтнүүд голын усанд орж, сэтгэлээ ариусгаж, бие сэтгэлээ чөлөөлөх зан үйлийг хийж, баярлах ажээ.

Нийт 45 хоногийн хугацаанд үргэлжлэх энэхүү баярын үеэр 400 сая хүн тухайн голд очиж, ариун угаалга үйлдэх бөгөөд олон зуун сая хүн цугларсан баярын арга хэмжээ сансраас ч харагддаг талаар хэвлэлүүд онцлон мэдээлж байна.

Эрх баригчдын зүгээс даваа гарагийн орой мэдэгдсэнээр тухайн өдрийн 16 цагийн байдлаар Сангам голын усанд 16 сая хүн орсон гэжээ. Харин өнөөдөр энэ тоо 20 саяыг давна гэж мэдээлж байна.

Праяаграж хотыг зорих олон сая шүтлэгтэн, мөн жуулчдыг хүлээж авах бэлтгэл ажлыг тус хотын зүгээс явуулж, Сангам голын эргийн дагуу 4000 га газарт 160 мянган ширхэг майхан, нарны хаалт бүхий жижиг эргийн хотыг үүсгэн байгуулж, хагас сая гаруй автомашин байрлуулах хүчин чадалтай 99 ширхэг авто зогсоол, 15000 цэвэрлэгээний ажилтан, 40000 хэв журмын цагдаа нарыг дайчлан ажиллуулж эхэлсэн байна. Мөн 150 мянган нийтийн бие засах газруудыг бэлдсэн ч ус зайлуулах системтэй холбоогүй гэсэн гомдол гарч эхэлжээ. Дээрх бэлтгэл ажилд Энэтхэгийн засгийн газраас 70 тэрбум рупи буюу 812 сая ам.долларыг зарцуулаад байгаа гэсэн тоо байгаагаас гадна энэхүү баярын арга хэмжээнээс тухайн мужийн засаг захиргаа 250 тэрбум рупи буюу 2.9 тэрбум ам.долларын орлого олно гэсэн тооцоо гарчээ.

Эртний Энэтхэгийн домгоос үүдэлтэй энэхүү хинди шашны баяр нь ирэх 2-р сарын 26-нд өндөрлөх бөгөөд НҮБ-ын харьяа ЮНЕСКО байгууллагаас уг баярыг хүн төрөлхтний биет бус өвөөр зарлаж, бүртгэн авч байсан юм.

0/1000