Боксын хүнд жингийн дэлхийн аварга асан, “Gypsy King” буюу “Цыган хаан” хочтой Тайсон Фюри тулааны спортоос зодог тайлж байгаагаа даваа гарагт зарласан байна.
Тайсон Фюри хамгийн сүүлд өнгөрсөн 12-р сарын 21-нд Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотноо Олександр Усикын эсрэг тулаанд хоёр дах удаагаа ялагдал хүлээсэн бол О.Усик WBA (Super), WBC болон WBO холбооны давхар аваргаар тодорсон билээ.
Өдгөө 36 настай Их Британийн боксчин Тайсон Фюри ийнхүү хоёр дах удаагаа зодог тайлж байгаагаа зарлаад байна.
Өмнө нь тэрээр 2022 оны 4-р сард Диллан Уайтын эсрэг хийсэн тулаанд ялалт байгуулсныхаа дараа боксын спортоос зодог тайлж байгаагаа мэдэгдэж байсан ч хагас жилийн дараа тулааны спортод эргэн ирж байсан юм.
Тэрээр сүүлчийн хоёр тулаанаа Олександр Усикын эсрэг хийж, хоёуланд нь ялагдал хүлээснээр нийт 34 ялалт, 2 ялагдал, 1 тэнцээ гэсэн амжилттайгаар боксын спортоос ахин зодог тайлаад байна.
Тайсон Фюри зодог тайлснаа зарласан мэдэгдэлдээ “Сайн байцгаана уу, би богино мэдэгдэл хийх гэж байна, миний бие боксын спортоос зодог тайлж байгаагаа зарлаж байна, үнэхээр гайхалтай он жилүүд байлаа, өнгөрсөн хугацаанд бүх зүйл надад сайхан байсан боловч би тамирчны замналаа ийнхүү өндөрлөж байна” хэмээн бичжээ.