Өмнөд Солонгосын болзооны шоу нэвтрүүлэг болох “Single’s Inferno”-ийн дөрөвдүгээр улирал эргэн ирлээ. Шинэ улирлын эхний дугаар 1-р сарын 14-ний Мягмар гарагт буюу өнөөдөр Netflix дээр нээлтээ хийнэ.
Нэвтрүүлгийн багийн зүгээс шинэ улирал өмнөх бүлгүүдээс илүү халуухан оролцогчидтой, шинэ дүрэм, ээдрээтэй үйл явдлаар дүүрэн байх болно гэж мэдэгдсэн.
Тус болзооны шоуны эхний гурван улирал Netflix төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт алдартай болж, олон орны үзэгчдийг байлдан дагуулсан. Үүнээс гадна шоуны оролцогчид TikTok, Instagram зэрэг олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан ихээхэн нэр, алдартай болоод буй.
Шоуны үйл явдлын тухайд дурдвал ганц бие оролцогчид “Там” хэмээн нэрлэгдсэн эзэнгүй арал дээр 8 хоногийг өнгөрүүлэх бөгөөд өгөгдсөн даалгавруудыг гүйцэтгэн, бусад оролцогчидтойгоо танилцаж тэр дундаас бие биеэ сонгосон хосууд “Диваажин” гэх тансаг зэрэглэлийн зочид буудалд нэг шөнийг хамт өнгөрүүлдэг. Оролцогчид “Там”-д байх хугацаандаа бие биедээ нас болон ажил мэргэжлээ хэлэх хориотой байдаг. Гагцхүү “Диваажин” руу хамт болзоонд явсан тохиолдолд хувийн мэдээллүүдээ солилцож, бие биетэйгээ дотносох боломжтой юм.
Түүнчлэн шоуг хөтлөн явуулдаг хүмүүс ч олон нийтийн анхаарлын төвд байдаг. Тодруулбал Солонгосын алдарт уран бүтээлчид болох жүжигчин Ли Да Хи, дуучин Кюхён, комедиан Хон Жин Кён, рэпер Ханхэ нар хөтлөгчдийн үүргийг гүйцэтгэж, оролцогчдын үйл хөдлөлийг хянаж, өөрсдийн сэтгэгдлээ хуваалцдаг. Сүүлд шоуны хоёр дахь улиралд оролцож, олны танил болсон тэнгисийн цэрэг асан, Youtuber Декс (Dex) гуравдугаар улиралд хөтлөгчөөр ажилласан нь маш том шуугиан болсон билээ. Тэрээр шинэ улиралд мөн хөтлөгчөөр ажилласан байна.
Тэгвэл шинэ улирлын талаар хөтлөгч, жүжигчин Ли Да Хи “Яаж ийм хүмүүсийг тоглуулсан юм бэ” гэж бодсон. Зөвхөн эхний анги сонирхлыг чинь татах болно” гэж өөрийн сэтгэгдлээсээ хуваалцжээ. Ийн хүсэн хүлээсэн, үзэгчдийг байлдан дагуулсан халуухан болзооны шоу “Single’s Inferno” эргэн ирлээ.