Их Британийн хунтайж Харри-гийн эхнэр, Сассексын гүнгийн авхай Меганы Netflix платформоор цацагдахаар төлөвлөөд байсан “With Love, Meghan” хэмээх шинэ шоу нэвтрүүлгийг Лос Анжелесийн ой хээрийн түймрийн улмаас хойшлуулах шийдвэрийг Netflix компанийн зүгээс танилцуулжээ.
Калифорни мужийн өмнөд хэсгийн Монтесито хотод зураг авалт нь явагдсан, амьдралын хэв маягт суурилсан, зочидтой ярилцдаг Меганы хөтлөн хүргэх телевизийн шинэ шоу нэвтрүүлгийн нээлтийн дугаар энэ долоо хоногийн лхагва гарагт цацагдах байсан боловч асар их гарз хохирол учруулаад байгаа Лос Анжелесийн түймрийн улмаас нэвтрүүлгийн гол дүр Меганы хүсэлтийн дагуу нэвтрүүлгийг ирэх 3 дугаар сард гаргахаар хойшлуулснаа компанийн зүгээс зарлан мэдэгдсэн байна.
Тус мэдэгдэлдээ “With Love, Meghan” нэвтрүүлгийн нээлтийн дугаарын шинэ товыг 3-р сарын 4 хэмээн зарласан байна.
“Бид миний төрөлх Калифорни мужид дэгдсэн түймэрт өртсөн хүмүүст илүүтэй анхаарлаа хандуулж байгаа энэ үед нэвтрүүлгийн маань нээлтийг хойшлуулахад намайг дэмжсэн Netflix-ийн түншүүддээ талархаж байна” хэмээн гүнгийн авхай Меган мөн хэлжээ.
“With Love, Meghan” нэвтрүүлгийн эхний бүлэг нь 30 минутын урттай 8 дугаараас бүрдэж байгаа ба Холливудын жүжигчин Минди Калинг, Suits олон ангит кинонд хамт тоглож байсан жүжигчин Эбигэйл Спенсер зэрэг олон уран бүтээлчид урилгаар оролцсон байна.