horoscope
horoscope
horoscope
userАДМИН

С.Бямбацогт: Турк улсын дэмжлэгтэйгээр сумны үйлдвэртэй болох ажил шийдэгдсэн

post-img

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогттой салбарын асуудлаар ярилцлаа.

—————————————————————————–

-Хамтарсан Засгийн газар байгуулагдаад шинэ онтойгоо золголоо. Таны хувьд өмнөх Засгийн газрын үед Зам, тээврийн сайдаар ажилласан. Харин энэхүү хамтарсан Засгийн газрын үед Батлан хамгаалахын салбарыг хариуцан ажиллаж байгаа. Энэ утгаараа уг салбарт ямар бодлого, шийдвэр гарган ажиллаж байна вэ?

-Хамтарсан Засгийн газар байгуулагдсан нь том төслүүдээ хөдөлгөх, олон жил улс төр, бүлэглэлийн нөлөөнд гацсан асуудлыг шийдвэрлэж, эдийн засгаа хэд дахин тэлэх зорилготой байсан. Миний хувьд өмнө нь Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа агаарын тээврийн либералчлалыг эрчимжүүлж, орон нутгийн найман чиглэлд онгоц нисгэдэг болгосон. Мөн тийзийн үнийг хямдруулж олон улсад олон чиглэлийг шинээр нээсэн. Гацаанд ороод байсан хил холболтын төмөр замын асуудалд гарц шийдэл олж, УБТЗ-ын их өрийг тэглэсэн. Иргэдийг олон жил бухимдуулсан Дарханы замын ажлыг гурван сарын дотор дуусгасан. Авто зам засварын ажлыг нүд хуурч, нүх бөглөдөг байдлаар биш, их болон ээлжит засвар хийж шинэ зам шиг болгох шийдэл рүү аваачсан гээд яривал олон зүйл байна. Тэр бүгдийг ярих шаардлага байхгүй.

Тэртэй тэргүй хийсэн ажил маань миний өмнөөс ярьж, танигдаж байгаа.

-Зам, тээврийн салбар хариуцаж байгаад тэс өөр салбарыг хариуцуулахаар өгчихлөө гэдэг яриа явсан. Гэхдээ таны хувьд цэргийн цолтой хүн гэж сонссон…?

-Миний хувьд Цэргийн сургуульд сурсан, бэлтгэл хурандаа цолтой хүн. Тиймээс өөрийн салбартаа ирлээ гэж ойлгож болно. Энэ утгаараа хариуцлагатай албанд тохоон томилогдсон учир сэтгэл гаргаад бүх чадлаараа зүтгэнэ гэсэн бодолтойгоор салбартаа ирсэн. Яг энэ бодлоо тодорхой бодлого, шийдэлтэй төлөвлөгөө, дориун үр дүн гаргах бодит ажил болгоод явж байна.

ДРОНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖҮҮЛЭХ, ТУРШИХ, УГСРАХ, ӨӨРСДӨӨ ҮЙЛДВЭРЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРНА

Товчхондоо, батлан хамгаалах салбарт ингэж сэргэлт авчирч болох юм байна гэдгээ олоод харчихсан болохоор ажил гарт орж, сэтгэлд дүүрэн багтаж байгаа шүү. Ер нь төрийн бодлого хань хамааралгүй хүнээр ямар нэгэн салбарыг хариуцуулан удирдуулна гэж байхгүй. Тэр дундаа өнөө цагт мэргэжлийн байх гэдэг зарчим нэгдүгээрт тавигддаг учраас аливаа бодлого, шийдвэр энэ зарчмаа хадгалж л явах ёстой. Тиймээс цаашид салбартаа сайныг нь урамшуулж дэмжих, мууд нь хариуцлага тооцдог зарчим баримтална.

-Салбартаа баримталж байгаа зарчим тань ийм байж. Тэгвэл хэрэгжүүлж байгаа ямар ажлууд байна вэ?

-Юуны өмнө батлан хамгаалах салбарын энэ оны төсөв, хөрөнгө оруулалтыг сая төсөв хэлэлцэх үеэр нэлээд хэмжээгээр нэмэгдүүлэн батлуулж чадлаа. Энэ салбарыг хариуцан ирэхдээ л хамгийн түрүүнд салбарынхаа у д ирдах ажилтны зөвлөгөөнийг хийлээ. Батлан хамгаалахын сэргэлтийн бодлогыг танилцууллаа. Энэ бол хийх ажлаа тодорхой болгож, зорилго, төлөвлөгөөгөө гаргаж ирсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл, бодлого, зорилт нэгэнт тодорхой болсон учраас хэрэгжүүлэлт, үр дүн буюу шат шатандаа үүргээ яаж гүйцэтгэх вэ гэдэг л үлдсэн. Тодорхой хэлбэл, ажил хийх л үлдсэн. Аль ч салбарт ажил хийхэд авч байгаа цалин хөлс нь чухал. Цалин хөлс ямар байна, ажлын үр дүн, бүтээмж тийм л байна гэсэн үг. Энэ утгаараа манай салбарынхан олон жил онцгой нөхцөлийн нэмэгдлээ гүйцэд авч чадаагүй өнөөг хүрсэн юм билээ. Тэгвэл энэ сараас эхлээд Онцгой нөхцөлийн нэмэгдлийг 25 хувь болголоо. Мөн алслагдсан нэгтгэл, ангийн алба хаагчдын нэмэгдлийн асуудлыг шийдлээ. Нийт төрийн албан хаагчдын цалингийн зургаан хувийн нэмэгдэлд манай нийт бие бүрэлдэхүүн хамрагдаж байгаа. Энэ ондоо багтаад 600 цэргийн алба хаагчийг хямд өртөгтэй орон сууцаар хангах төсөл эхлүүлэхээр төлөвлөсөн. Тэгэхгүй бол манай алба хаагчдын 70 орчим хувь нь түрээсийн байранд, зарим нь бүр айлын хажуу өрөөнд, хүний хашаанд аж төрж байгааг судалгаагаар тогтоосон. Оны эхний хагастаа багтаж бүх нэгтгэл, ангиудын дарга захирагч нарын унаа тэргийг нь бүрэн шинэчилж өгнө. Энэ мэтээр эхлээд нийгмийн асуудлыг нь шийдээд сэтгэлд нь гэрэл асаагаад өгвөл араас нь ажлын бүтээмж, арга барил, үр дүн нэхэх боломж бий болно шүү дээ.

-Аль ч салбарын хөгжил аж үйлдвэрлэлээс шууд хамааралтай. Өөрсдөө замаа тавьдаг, бүтээн байгуулалтаа хийж байж салбарын ч, улсын ч хөгжил хурдацтай явагдна. Энэ утгаараа батлан хамгаалах салбарын аж үйлдвэрлэл ямар байгаа вэ. Жишээ нь сум, хантаазаа бид өөрсдөө үйлдвэрлэх боломжтой болсон уу?

-УИХ-аар Зэвсэгт хүчний зэвсэг, техникийн шинэчлэл, энхийг дэмжих ажиллагаа, цэргийн жинхэнэ албатай холбоотой холбогдох хууль бодлогуудыг батлуулж, эрх зүйн цогц шинэчлэлийг хийсэн. Нөгөөтэйгүүр энэ салбарыг хариуцан ажиллаж байгаа хүний хувьд Батлан хамгаалах салбарын зэвсэг техникийн шинэчлэлд онцгой анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд Бүгд найрамдах Турк улсын дэмжлэгтэйгээр сумны үйлдвэртэй болох ажил шийдэгдсэн. Яг энэ өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНТУ-д айлчилж энэхүү асуудлыг хурдавчлах тал дээр талууд онцгой анхаарсны хүчинд энэ сардаа багтаад үйлдвэрийн бүх тоног төхөөрөмж, сум үйлдвэрлэх түүхий эд манай улсад ирэхээр боллоо. Ер нь Батлан хамгаалах а ж үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, дроны үйлдвэрлэл хөгжүүлэх, турших, угсрах, үйлдвэрлэх асуудалд ч онцгой анхаарч байгаа. Мөн хиймэл оюун ухаан, кибер сургалтын танхим байгуулах, Засгийн г азраас дэвшүүлсэн “Цаасгүй засаг” арга хэмжээг хэрэгжүүлэх, салбарын ц ахим платформыг хөгжүүлэхэд анхаарч байна. Өндөр технологи, үр ашигтай шинэ инноваци манай салбарт сэргэлт авчирч, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд тун ач холбогдолтой.

-Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх гэж ярилаа. Ер нь энэ чадавх юугаар хэмжигдэх вэ. Нөгөөтэйгүүр эх оронч үзлийн тухайд таны бодол ямар байдаг вэ?

-2025 оныг Батлан хамгаалах яам “Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил” болгон зарласан. Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын амин сүнс болсон эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлж, салбартаа их сэргэлт авчрахад яам, ЗХЖШ, харьяа байгууллагууд зүтгэх хүч нь байх болно. Ер нь эх оронч үзэл гэдэг хөгжлийнхөө цоож нь биш, түлхүүр нь байх ёстой гэж би боддог. Өөрөөсөө бусад үндэстэнг үздэггүй, гадны технологи дэвшлийг нэвтрүүлэхээс айдаг, үйлдвэр бүтээн байгуулалт хийлгэхгүй, байгалийн баялагаа эдийн засгийн эргэлтэд оруулахгүй, усан цахилгаан станц бариулахгүй гэдэг үргэлж хоцрогдсон, хожимдсон байдал руу чиглүүлж байдаг тийм үзлийг эх оронч үзэл гэдэггүй. Монголчууд хамгийн хүчирхэг байх үедээ дотогшоо агшиж биш гадагшаа тэлж гадаад орчинд нээлттэй, олон сувгийн эдийн засагтай, олон улсын харилцаатай, олон орны технологитой байсан. Тиймээс бид нийтээрээ эх оронч үзэл гэж юу вэ гэдгээ зөв ойлгох ёстой.

-Батлан хамгаалах салбарт гадаад харилцаа чухал нөлөөтэй гэж ярьдаг. Тэгвэл энэ салбарын гадаад бодлого яаж явахаар байгаа вэ?

-Мэдээж хэрэг олон улсын батлан хамгаалах салбарын хөгжлийн чиг хандлага технологийн шинэчлэлд ихээхэн анхаарч байгаа. Дрон, хиймэл оюун ухаан, кибер аюулгүй байдал зэрэг орчин үеийн технологиуд хүчтэй түрж гарч ирж байна. Монгол Улсын батлан хамгаалах салбар үүнээс хоцорч болохгүй. Түүнчлэн кибер аюулгүй байдлаа бэхжүүлэхэд улс орнууд онцгой анхаарч байгаа. Олон улс газар нутгийн аюулгүй байдал, хилийн хамгаалалтыг сайжруулахад, мэдээллийн дайны хор хөнөөлөөс улс үндэстнээ хамгаалахад батлан хамгаалах бодлогоо чиглүүлж эхэллээ. Манай улс ч энэ чиг хандлагыг тугаа болгож үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхаа, үндэсний дархлаагаа нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Батлан хамгаалах салбарыг бэхжүүлэхэд орчин үеийн техник технологи онцгой чухал. Тэгвэл яг оны өмнө бид “Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Япон улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Урд, хойд хөрш, БНСУ, БНТУ, ХБНГУ, АНУ-тай ч энэ чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахыг чармайж байна. Олон талт гадаад хамтын ажиллагаа бол үндэсний аюулгүй байдлын нэг баталгаа, батлан хамгаалах салбарын хөгжлийн хөдөлгөгч хүч гэж ойлгодог.

-Манай улсын зэвсэг, техник, технологи гэж юу байдаг юм гэж ярих хүмүүс цөөнгүй. Нэг үгээр хэлбэл, батлан хамгаалах салбараа хуучин нийгмийн хөгжлөөр нь үлдээсэн ч гэдэг. Энэ талаар таны байр суурь ямар байдаг вэ?

-Бодит асуудлаа л ярих, түүнийгээ хөгжлүүлэх, шийдэх хандлага л чухал. Түүнээс биш асуудлыг орхиж болохгүй. Өөрчлөгдөхгүй, гуч дөчин жилийн өмнөх хэв маягаараа байх, хайрцаглагдсан, хөшүүн хойрго, царцанги сэтгэлгээгээр хандсан хэвээр байвал аль ч салбар уналтад орно. Нэг ийм үг байдаг даа, “Төр сулрах юм бол цэрэг суларна” гэж. Бас “Өөрийн армиа тэжээж чадахгүй бол бусдын цэргийг тэжээдэг” гэдэг үг ч түүхийн гашуун сургамжаар нотлогдсон үнэн.

Тийм болохоор салбартаа сэргэлт авчрахын төлөө Батлан хамгаалах, Зэвсэгт хүчин, төрийн цэргийн байгууллагаар овоглосон, хаягласан хэн бүхэн зүтгэх нь өргөсөн тангараг, хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж байгаа л хэрэг. Тиймээс зэвсэг техникийн шинэчлэл, батлан хамгаалах аж үйлдвэрлэлийн хөгжил, шинэ инноваци өндөр технологи бүтээх болон нутагшуулах зэрэг асуудлыг онцгой анхаарч ажиллаж байна.

Э.Мөнхтүвшин

0/1000