horoscope
horoscope
horoscope
userАДМИН

Ж.Баярмаа: Жагсаалын үеэр хүний үндсэн эрхэд ноцтойгоор халдсан явдал гарлаа

post-img

УИХ-ын гишүүн Ж.Баярмаатай ярилцлаа.

—————————————————————–

-Сүхбаатарын талбайд болж байгаа иргэдийн жагсаалыг та хэрхэн дүгнэж байна вэ. Нийгэм аливаа жагсаал цуглааныг зохион байгуулалттай гэж хардаг болсон шүү дээ?

-Бид өмнө үзэл бодлоо илэрхийлбэл бурууддаг, ажил албанаасаа хөөгддөг, албан тушаалаасаа салдаг, бүр даамжирвал шоронд орж хэлмэгддэг нийгэмд амьдарч байсан. Шинэ Ардилсан Үндсэн хуулийг батлаад 33 жил болсныхоо ойг өчигдөр (2025.01.13) бид хийсэн. Ардчилсан шинэ Үндсэн хуулийн амин сүнс буюу гол ололтуудын нэг хэсэг нь монголчууд эрх чөлөөтэй болсон явдал юм. Тодруулбал, үг, үзэл бодлоо хэнээс ч айхгүйгээр чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөтэй болсон. Дээрээс нь өөртөө ямар нэгэн зүйлийг өмчлөх эрхтэй болсон. Энэ бүхэн иргэн хүний маш чухал үндсэн эрхүүд байсан юм. Харамсалтай нь хуучин нийгэмд хүний жам ёсны эдгээр эрхийг эдлүүлдэггүй байв. Тэгвэл яг энэ өдрүүдэд иргэдийн үзэл бодлоо илэрхийлсэн, Засгийн газрыг огцруулахыг шаардсан жагсаал цуглаан болж байна. Угаасаа Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрхийнхээ дагуу жагсаал цуглаан хийж байна шүү дээ.

Ер нь жагсаж цуглаж, эвлэлдэн нэгдэж үг, үзэл бодлоо илэрхийлнэ гэдэг бол ардчиллын чухал үнэт зүйлс. Иргэд ямар ч сэдвээр, ямар ч асуудлаар шаардлага тавьж бас жагсаж цуглаж болно.

-Тэгвэл хуулинд жагсаал цуглааныг хориглосон тодорхой ямар хязгаарлалтууд байгаа вэ?

-Мэдээж хуульд тодорхой хязгаарлалтууд бий. Тэр нь дайн дажин сурталчлах, аллага, хядлага, хорлон сүйтгэх ажиллагаа явуулах, төрийн эрх мэдлийг хууль бус аргаар авахыг уриалах гэх мэт. Түүнээс Засгийн газрыг огцор гэж жагсах нь маш энгийн, ардчилсан нийгэмд байх л үзэгдэл. Иргэдийн зүгээс Засгийн газарт итгэх итгэл хангалттай хэмжээнд байхгүй учраас иргэд үүнийгээ жагсаал цуглааны хэлбэрээр илэрхийлж байгаа юм. Иргэд эвлэлдэн нэгдэж байгаа бас нэг том хүчин зүйл нь эрх баригчдын хэрэгжүүлж буй бодлоготой холбоотой. Ард иргэдийн амьдрал сайн биш байна. Өдөр бүр хорт утаагаар амьсгалж байна. Гэртээ харих гэж хэдэн цагаар түгжирч байна. Улаанбаатарын иргэд маш их стресстэй байна. Энэ нь эргээд эрүүл мэндэд асар хортой. Агаарын бохирдлоос болж хорт хавдраар өвчлөгсөд улам залуужиж байна. Сүүлийн жилүүдэд хүүхдүүд хорт хавдраар өвчлөх нь нэмэгдсэн. Энэ бүхэн утаанаас үүдэлтэй гэдгийг эрдэмтэн судлаачид хэлээд байна шүү дээ. Тиймээс иргэд тайван аргаар жагсаал цуглаан хийж уур бухимдлаа илэрхийлэх нь зүй ёсны асуудал.

-Энэхүү жагсаалын үеэр хүний эрх зөрчигдсөн ямар асуудлууд гарсан бэ?

-Миний хувьд жагсаалын үеэр хүний эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа. Учир нь жагсаалыг санаачлагч болон зохион байгуулагчдын барьж явсан туг далбаа, уриа лоозонг урах, булааж авсан. Тэр бүү хэл биед нь халдсан гэж мэдэгдээд байгаа. Энэ бол бүр ноцтой, гэмт хэргийн шинжтэй асуудал. Маш буруу жишиг юм. Яагаад гэвэл нэгэнт жагсаал тайвнаар явагдаж байгаа нөхцөлд хэн нэгэн иргэн бүү хэл цагдаагаас ч жагсагчдыг болиулах ямар нэгэн үйлдэл хийх ёсгүй. Харин ч эсрэгээрээ цагдаагийн алба хаагчдын зүгээс бол жагсагчдын аюулгүй байдлыг нь хангах, хамгаалах үүрэгтэй.

Тэгэхээр “Жагсаал санаачлагчдын биед халдаж байх явцад цагдаагийн бие бүрэлдэхүүн хаана байсан юм бол. Яагаад энэ хүмүүсийн аюулгүй байдлыг хангах ажиллагааг дутуу дулимаг хийсэн юм бол. Асуудал юундаа байна вэ” гэдэг асуудал үүснэ. Эндээс хууль тогтоомж, журмаа зайлшгүй сайжруулах ёстой гэдэг нь харагдаж байна. Ялангуяа санаачлагч, зохион байгуулагчдын а юулгүй байдлыг хамгаалах нь чухал. Гэхдээ мэдээж, цагдаагийн бие бүрэлдэхүүн зөвхөн жагсаал санаачлагчид, зохион байгуулагчид гэхгүйгээр тэнд үзэл санаагаараа эвлэлдэн нэгдэхээр ирсэн иргэн бүрийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах үүрэгтэй. Иймд жагсагчдын биед халдсан энэ явдлыг х олбогдох тагнуул, цагдаагийн байгууллагууд нэрсийг нь тогтоох хэрэгтэй.

-Жагсаалыг өөр тийш нь залах гэсэн буснин үймүүлэгчид байна гэж зарим шинжээчид ярьж байсан л даа. Таны хувьд ямар бодолтой байна вэ?

-Жагсаалын үеэр өөр улсын туг далбааг гаргаж ирээд намируулсан байна лээ. Хэн гэдэг хүн ямар зорилготойгоор үүнийг хийсэн юм бэ гэдгийг хуулийн байгууллага тогтоох нь зөв. Ер нь жагсагчдын эсрэг жагсаал хийх, жагсаалыг булаах үзэгдэл сүүлийн үед бий болоод байна. Тэгэхээр энэ үйл явдлын цаад санаа, зорилго, эзэн холбогдогчдыг зайлшгүй тогтоох хэрэгтэй. Хэрэв бусдын биед үнэхээр халдсан, зориудын зохион байгуулалттайгаар үймүүлж бусниулсан бол холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх ёстой гэж үзэж байна.

Ийм ч учир миний бие гишүүнийхээ хувиар жагсаал, цуглаан зохион байгуулж буй иргэдийг хамгаалах үүргээ холбогдох алба хаагчид биелүүлээгүйн шалтгаан нөхцөл, ийн балмадаар авирлаж буй явдлын цаад санаа зорилго, эзэн холбогдогчийг тогтоон, зохих хариуцлагыг хүлээлгэж, энэ тухай мэдээллээ, цаашид иргэдийн аюулгүй байдлыг хэлбэрэлтгүй хангах ажиллагааг сайжруулж, иймэрхүү халдлагыг дахин гаргуулахгүйн тулд авах арга хэмжээний талаарх саналын хамт ирүүлэхийг ХЗДХ-ийн сайд, ТЕГ-ын удирдлагаас хүссэн албан бичгийгдаваа гаригт явуулсан байгаа.

-Ер нь үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийг хорьж цагддаг жишиг тогтчихлоо. Жагсаалын өмнөх өдөр “Бурханы хүү Баярбаатар” аккаунтын эзнийг лайв хийхдээ зохисгүй үг хэллэг хэрэглэж, бусдыг гутаан доромжилсон гэдэг үндэслэлээр 30 хоногийн баривчлах шийтгэл оноосон. Энэ нь жагсагчдыг айлган сүрдүүлэх, хүчийг нь сулруулах тактик байв уу?

-Иргэдийг үг, үзэл бодлоо илэрхийлсэн, тайван жагсаал цуглаан хийснийх нь төлөө хорьж цагддаг жишиг тогтож байгаа нь маш муу үзэгдэл. Дахин хэлэхэд, Монгол Улс Ардчилсан шинэ Үндсэн хуулиа батлаад 33 жил болж байна. Тэр тусмаа саяхан иргэн Баярбаатарыг өөрийнхөө машинд зүй зохисгүй үг хэрэглэсэн гэж бүхэл бүтэн 30 хоногоор баривчилсан нь анхны бөгөөд тун хачирхалтай кейс боллоо. Ер нь тэр хэргийн зүйлчлэл нь их сонин юм билээ. Тэр нь Зөрчлийн тухай хуулийн 5.2-ын буюу танхайрах гэмт хэргийн 1.4 буюу олон нийтийг үл хүндэтгэсэн гэдгээр буруутгасан байсан. Уг нь амьдрал дээр олон нийтийн дунд үйлдэгдэж байж сая танхайрах гэмт хэрэг болох ёстой. Гэтэл иргэн хүн машин дотроо г анцаараа явахдаа бухимдлаа илэрхийлсэн. Үүнийг нь мушгин гуйвуулж олон нийтийг доромжилсон гэж үзсэн байна лээ. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт гэж байдаг. Үүнд манай улс элссэн байгаа. Энэхүү олон улсын гэрээнд “Хүн өөрийн үг, үзэл бодлоо уран сайхны аргаар илэрхийлж болно” гэсэн заалт бий. Магадгүй тухайн иргэн элэглэсэн маягаар ярьсан байхыг үгүйсгэхгүй. Гэтэл үүнийг нь шууд танхайрсан болгоод ял өгч буйг буруу гэж үзэж байгаа.

Ер нь нийгэмд энэ жагсаал цуглаан олон хардалт дагуулж байна. Одоогийн жагсаал цуглааныг санхүүжилттэй байна. Эсвэл Баярбаатарыг урьдчилж баривчилсан нь жагсаалын хүчийг сулруулах гэсэн тактик байна гэж үзэж байгаа иргэд бий. Энэ бүгдээс хийх дүгнэлт гэвэл, төр иргэдийн хооронд итгэлцэл маш муу байна. Үнэн хэрэгтээ олон тэрбумаар нь идэж уусан төрийн түшээд, шүүхээр ял авсан, эсвэл ял авах гээд явж байсан улсуудын хэрэг юу болсон нь тодорхойгүйгээр алга болчихдогт иргэд хамгийн ихээр бухимдаж байгаа. Гэтэл жирийн иргэн хүн ял үүрээд явж байна шүү дээ.

Ялангуяа Баярбаатарт хуулийн санкц нь 7-30 хоног баривчлах байсан юм билээ. Эсвэл торгох шийтгэл гэж байсан. Гэтэл хамгийн дээд санкцийг ногдуулсан хэрнээ жинхнээсээ авлига албан тушаалын хэрэгт орооцолдсон хүмүүсийг торгосон болоод бараг толгойг нь илээд явуулдаг жишгийг эрх баригч нам тогтоогоод байгаа юм. Дарга ангид хууль өөрөөр үйлчилдэг. Харин жирийн иргэд, эсвэл сөрөг хүчиндээ хатуу үйлчилдэг давхар стандарт хэрэгжээд байна.

-Энэ долоо хоногт намрын чуулган завсарлана. Мега төслүүдийг хөдөлгөх хуулиудаа баталж амжих болов уу. Хаврын чуулганаар хэлэлцэнэ гэвэл сунжирч хугацаа алдана биз дээ. Эсвэл намрын чуулганаа сунгаад томоохон төслүүдээ хэлэлцэж батлаад явах уу?

-Намрын чуулган завсарлахаас өмнө шаардлагатай хуулийн төслүүдийг батлах нь чухал гэж үзэж байгаа. Мэдээж цаг хугацаа алдахгүйгээр ач холбогдол бүхий төслүүдийг явуулах нь зөв. Хамгийн гол нь төсөл мега байхын хэрээр нарийн чанартай хэлэлцүүлгүүд шаардлагатай. Мэдээж чухал биш, чухал хууль гэж байхгүй. Гэхдээ маш их хөрөнгө оруулалт шаардсан, геополитикийн хувьд ач холбогдолтой, олон улсын гэрээ хэлэлцээр шаардсан төслүүдийг батлахдаа долоо хэмжиж нэг огтолно гэдэг зарчмаар ажиллах ёстой. Чанартай, алдаа мадаггүй хууль батлахын тулд заавал хангалттай хэмжээнд хэлэлцэх ёстой. Шаардлагатай гэж үзвэл намрын чуулганаа сунгаад хуралдаж болно. Үүнд асуудал байхгүй. Хаврын чуулган хүртэл хүлээнэ гэвэл хугацаа алдах нь ойлгомжтой.

М.Мөнхцэцэг

0/1000