Улсын эдийн засгийн хөгжил нь бизнесийн салбарын өсөлтөөр тодорхойлогддог бичигдээгүй хууль бий. Гэхдээ бид төр-хувийн хэвшил харилцан түншилж өсөлт хөгжлийг бий болгоно хэмээн лоозогноод 10 гаруй жилийг үджээ. Монгол Улсын хөгжлийг түүчээлэх 14 мега төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөг Засгийн газар баталж ажил хэрэг болгохоор зэхэж буй нь түншлэлийн сайн жишгийг харуулах боломж хэмээх хүлээлт нийгэмд үүссэн. Гэвч эргэлзээ дагуулсан хардлагууд бас хөвөрсөөр л байна.
“ЭРҮҮЛ” ТҮНШЛЭЛ ХЭРЭГТЭЙ
Төр, хувийн хэвшил хоёулаа харилцан ашигтай байж эрсдэл болоод хариуцлагаа ижилхэн хуваалцах замаар тодорхой төслийг хэрэгжүүлдэг. Гэхдээ жинхэнэ утгаараа “эрүүл” байдлаар хэрэгжиж, хөгжихгүй байгаа нь бодит үнэн. Тэгвэл одоо яах ёстой вэ. Магадгүй хамтарч хэрэгжүүлсэн олон төсөл бий гэх биз. Харамсалтай нь амжилттай болсон түүх тун чиг ховор гэдгийг бизнесийнхэн учирладаг. Үүнийг төрийн өмчит компаниудын үйл ажиллагаагаар илэрхийлж болох биз. Төр хувь эзэмшээд бизнесийн салбарт үйл ажиллагаа явуулахаар эерэг нөлөө гарсан нь бараг л үгүй. “Эрдэнэт үйлдвэр” компанийг сайн жишээнд оруулж “тооцоолдог” хэдий ч байж болох бүхий л боломжгүй шахаануудыг энэ үйлдвэр рүү хийдэг жишгийг монголчууд андахгүй. Нэг үеийг бодоход харьцангуй сайн засаглал хэрэгжүүлэх зам руу орсон гэх болов уу. Гэвч “саалийн үнээ” хэвээр л байгаа.
Нөгөө талдаа Монгол Улсын бизнесийн орчин эрүүл байж гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид ажиллах боломж бүрдэнэ. Бизнесийн орчныг “цэвэр” гэдгийг илтгэх хэд хэдэн үзүүлэлт бий. Тухайлбал, хууль эрх зүйн орчин тогтвортой бас ойлгомжтой байх ёстой. Монгол Улс чөлөөт зах зээлийн эдийн засагтай, ардчилсан орон боловч хууль эрх зүйн орчин тогтворгүй, шударга бус байдал ажиглагддаг тухай гаднын хөрөнгө оруулагчид хэлдэг. Түүнээс гадна дэд бүтэц, улс төрийн нөхцөл байдал, Засгийн газрын бодлого тогтворгүй байгаа зэрэг асуудлууд ч бизнесийн орчныг сөрөг харагдуулахад нөлөөлдөг гэдгийг хаа хаанаа ярилцаж, хэлэлцсээр байгаа. Тэгэхээр эдгээр сорилтуудыг даван туулахын тулд Монголын бизнес эрхлэгчид уян хатан, дасан зохицох чадвартай байх шаардлагатай гэж үзэх нь бий. Мөн Засгийн газар бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр илүү анхаарч ажиллах хэрэгтэй гэж үздэг.
ТҮНШИЛНЭ БАС ДАХИАД ТҮНШИЛНЭ ГЭВ ҮҮ?
Ирэх дөрвөн жилийн турш ажиллах хамтарсан Засгийн газар эдийн засаг болоод улсын хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах мега төслүүдийг хөгжүүлэхийн зэрэгцээ бизнесийн орчныг эрүүл, таатай болгож хувийн хэвшилтэйгээ хамтарч ажиллах зорилго тавьсан. Гэтэл Монгол Улсын төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөгжлийн түвшин төдийлөн хангалттай биш гэдгийг гадаад, дотоодын судалгааны үр харуулж байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газар төр хувийн хэвшлийн түншлэлийг идэвхжүүлэх, хөхиүлэн дэмжих чиглэлээр алхмууд хийсээр байна. Тухайлбал, 2010 онд Концессын тухай хуулийг баталснаар төр хувийн хэвшлийн түншлэлийн эрх зүйн орчин бүрдсэн гэж үзэж буй. Мөн 2019 онд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг баталсан. Үндэсний хөгжлийн газрын дэргэд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв байгуулагдан ажиллаж байна гэх зэргээр бодлогын баримт бичигт эерэг нөлөө үзүүлнэ хэмээн тайлбарлаж буй. Харин бизнесийнхэн “Цагаан дээр хараар бичсэн шиг бүх зүйл тодорхой бол, асуудал алга. Гэхдээ төр давамгай байдлыг өөртөө үүсгэж бизнесийг боомилох, гацаах зэрэг асуудал тулгардаг” хэмээн учирласаар. Тэр ч бүү хэл түншлэлийн хэрэгжилт, үр дүнд хүрэхэд тодорхой саад бэрхшээлүүд гардаг байна. Учир нь төр хувийн хэвшлийн түншлэлийн талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг хомс. Хувийн хэвшлийн оролцоо, санаачилга хязгаарлагдмал.Төслийн бэлтгэл, чадавх сул. Санхүүжилтийн механизм, эх үүсвэр дутмаг. Хууль эрх зүйн орчин тогтворгүй, хэрэгжилт хангалтгүй гээд уртаас урт жагсаалт хөврүүлж болно. Тэгтэл хамтарна, түншилнэ гээд байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй, айдас дагуулсан асуулт болж буйг эх сурвалж хэлж байлаа. Гэвч төр бодлогодоо тусгасан “Түншилнэ” гэх шийдвэрээ биелүүлэх зорилго тавьсан хэвээр.
АЛАГЧЛАЛ
Тээр жил хувийн хэвшлийг дэмжиж төр бизнесийн салбараас “гараа” татна гэх сүржин мэдээлэл хийж байсан юм. Гэхдээ төр хэлсэн амандаа хүрээгүй өдийг хүрсэн нь бодит үнэн. “Төр бизнесийн салбараас хол байх ёстой” гэсэн байр суурийг төрийн тэргүүн илэрхийлж “Төр хувийн хэвшил, бизнесийн байгууллагуудаа дэмжиж, хамтарч ажиллах ёстой. Гэхдээ тэдний үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, саад учруулахаас зайлсхийх хэрэгтэй” гэсэн нь үйлдвэрлэл эрхлэгчид болоод бизнесийнхний дэмжлэгийг авч байв. Мэдээж “Бизнес эрхлэгчид өөрсдөө хариуцлага хүлээж, шударга өрсөлдөөнийг хангаж, зах зээлийн зарчмаар ажиллах ёстой” гэдгийг хатуу сануулж байсан юм.
Тухайн үеэс төрийн өмчит компанийг нээлттэй болгож хувьчлах алхамыг хийсэн. Гэвч энэ нь төдийлөн урт хугацаанд үлдээгүй. Цаасанд буусан санаа болж хувирсан байдаг. Гэхдээ түншилж хамтарч ажиллая. Бодлогоо төр нь барь. Компанийн сайн засаглал хөгжүүлж бизнесийнхэн гүйцэтгэл хийгээд, удирдах түвшинд ажиллая гэдэг санааг хаа сайгүй л ярьцгаасан. Түүний нэг жишээ бол олны анхаарлын төвд байгаа “Ачит ихт” компани.
2014 онд “Ачит Ихт” компанийг овоолго ашиглан катодын цэвэр үйлдвэрлэж эхлэхэд төр хувийн хэвшлийн сайн жишиг тогтож байна гэлцдэг байв. Тус компанийн үйлдвэрлэлийн үйл явц нь хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө багатай, дэвшилтэт техник технологид суурилсан хэмээн сайшааж байсан.
Засгийн газрын 2017 оны 103 тоот тогтоолоор “Ачит Ихт” ХХК-тай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хувь болгон тогтоосон. Энэ нь төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, уул уурхайн салбарын үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн алхам хэмээн тухайн үед онцлон тэмдэглэж байлаа.
“Ачит Ихт” компани нь уг тогтоолыг хүлээн зөвшөөрч, төрд 34 хувийн эзэмшлээ шилжүүлэхээс татгалзаагүй. Харин ч төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэхэд анхаарч ажилласаар ирсэн байна. Одоогийн байдлаар “Ачит Ихт” ХХК нь жилд 10 мянган тонн катодын цэвэр зэс үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд цаашид үйлдвэрлэлээ өргөжүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх замаар Монголын уул уурхайн салбар болоод эдийн засагт жин дарах нөлөө үзүүлнэ гэдэг.
Төр бизнесийн таатай орчин бүрдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, экспортыг дэмжих замаар эдийн засгийн хөгжлийг түргэтгэх үүрэгтэй. Төр, бизнесийн харилцаанд тэнцвэртэй байр суурийг баримталж, төрийн буруу оролцооноос сэргийлэхийн зэрэгцээ бизнесийн салбарт шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэх ёстой. Ингэхдээ алагчлахгүй байх нь суурь зарчим гэдгийг энэ дашрамд сануулъя. Төр хувийн хэвшлийн түншлэлийн сайн жишигт тооцогдож байсан төсөл өдгөө хамгийн муу нь болох үед бизнесийнхэн хэнд итгэж, хаана хандах вэ гэдэг асуултыг уншигчдад үлдээе.