Өнгөрөгч сард цэргийн онц байдал зарласны улмаас нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэсэн шалтгаанаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд байгаа Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сок Ёлыг өнөөдөр өглөө баривчлан, саатуулаад байна.
Юн Сок Ёлын хувьд өнгөрсөн сарын 14-нд Үндэсний Ассамблейн хуралдааны санал хураалтаар түүнийг импичментээр огцруулахыг дэмжсэнээс хойш олон нийтэд чиглэсэн ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй ба зөвхөн өөрийн хууль, өмгөөлөгчдөөрөө дамжуулан харилцаж байгаа билээ.
Мөрдөгчид Юн Сок Ёлыг төрийн эсрэг бослого гаргаж, үймээн самуун дэгдээсэн хэрэгт буруутган баривчлах оролдлогыг удаа дараа явуулсан ч бүтэлгүйтээд байсан юм.
Мөрдөгчдийн хамтарсан баг (цагдаагийн 3000 орчим бие бүрэлдэхүүн) өнөөдөр өглөө түүнийг баривчлах оролдлогыг ахин хийнэ хэмээн Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлсэн бол орон нутгийн цагаар 10:33 цагт Юн Сок Ёлыг баривчилсан гэдгээ БНСУ-ын Төрийн өдөр албан тушаалтнуудын гэмт хэрэг мөрдөн байцаах газраас мэдэгдээд байна.
Энэ нь БНСУ-ын түүхэнд ерөнхийлөгчийн эсрэг баривчлах тушаалыг гүйцэтгэсэн анхны тохиолдол болж байна.
Түүнчлэн Юн Сок Ёлын импичментийн шүүх хурлын анхны сонсгол мягмар гарагт тус улсын Үндсэн хуулийн шүүхэд явагдсан.
Энэхүү импичментийн шүүх хурлаар Юн Сок Ёлыг төрийн тэргүүний албан тушаалаас огцруулах эсэхийг шийдвэрлэх бөгөөд мягмар гарагийн анхны сонсголд Юн Сок Ёл биечлэн ирж ороолцоогүй учраас эхэлснээсээ ердөө 4 минутын дараагаар өндөрлөсөн байна.
Ерөнхийлөгчийн өмгөөлөгч нар түүнийг аюулгүй байдлын улмаас шүүх хуралд ирж оролцохгүй гэдгийг өмнө нь мэдэгдсэн байна. Түүнчлэн Юн Сок Ёлыг “тохиромжтой цагтаа” шүүх хуралд ирж оролцох болно гэсэн утга бүхий цухас мэдэгдлийг хийсэн байна.
Юн Сок Ёлын импичментийн шүүх хурлын төгсгөлд найман гишүүнтэй Үндсэн хуулийн шүүхийн 6 гишүүн дэмжсэн тохиолдолд түүнийг албан ёсоор ерөнхийлөгчийн албан тушаалаас огцруулах юм.
Түүнчлэн БНСУ-ын хууль эрхзүйн дагуу импичментийн шүүх хурлыг шүүгдэгчийн оролцоогүйгээр үргэлжлүүлэн явуулахын өмнө сонсголын шинэ товыг тогтоох ёстой байдаг бөгөөд дараагийн сонсголыг 16-ны пүрэв гарагт явуулахаар тогтжээ.
Түүхийн хуудсыг эргэн сөхвөл, БНСУ-ын ерөнхийлөгч асан Но Му Хён, Пак Гын Хэ нар ч мөн импичментийн шүү хуралд ирж оролцож байгаагүй бөгөөд 2004 оны Но Му Хёны шүүх хурал 2 сар үргэлжлэн явагдаж, төгсгөлд нь түүнийг албан тушаалд нь эгүүлэн тавьж байсан бол 2017 оны Пак Гын Хэ-гийн шүүх хурлын төгсгөлд түүнийг импичментээр огцруулахаар болж байсан билээ.