15 сарын турш үргэлжилж байгаа Израил-Хамасын зөрчилдөөнийг өндөрлүүлэх гал зогсоох гэрээ байгуулагдахад ойрхон байгаа талаар яриа хэлэлцээний ойрын эх сурвалжууд мэдээлээд байна.
Түүнчлэн гал зогсоох гэрээний яриа хэлэлцээг зуучлагч талуудын зүгээс даваа гарагт эцсийн байдлаар гаргасан гэрээний төслийг сөргөлдөгч талуудад өгч, танилцуулсан талаараа мэдээлсэн юм.
Сөргөлдөгч талуудын хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байгаа АНУ болон бүс нутгийн Катар, Египет улсууд сүүлийн өдрүүдэд гал зогсоох гэрээний яриа хэлэлцээнд ихээхэн ахиц дэвшил гаргаад байгаа албаны хүмүүс онцлоод байна.
Зуучлалын үйл ажиллагаанд ойр байгаа нэрээ нууцалсан албаны дөрвөн хүний мэдээлснээр 15 сарын турш үргэлжилж байгаа Израил-Хамасын дайныг төгсгөл болгох чухал шийдвэр, үр дүн гарах эсэхийг ойрын өдрүүдэд шийдэх болно гэжээ.
Мягмар гарагт мөн зуучлагч Катар улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Израил улс, Хамас бүлэглэл гал зогсоох гэрээг зөвшөөрөх “сүүлийн шатандаа” явж байгаа талаар хэлсэн байна.
Албаныхны хэлснээр зуучлагчдын боловсруулсан гэрээний төслийг Хамас бүлэглэл зөвшөөрсөн бол Израилын засгийн газар гэрээний нөхцлүүдийг судалж, хэлэлцэж байгаа гэсэн байна. Өөрөөр хэлбэл Израилын тал зөвшөөрсөн тохиолдолд гал зогсоох гэрээ байгуулагдахаар болоод байна.
Гэхдээ гэрээний яриа хэлэлцээнээс үл хамаараад Израилийн зэвсэгт хүчний Газын зурваст явуулж байгаа дайны үйл ажиллагаа зогсолтгүй үргэлжилсээр байна. Энэ долоо хоногийн эхээр үзүүлсэн Израилын цохилтын улмаас наад зах нь 18 хүн амь үрэгдсэн талаар Палестины эрүүл мэндийн яамнаас мэдэгжээ.