Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Манай хүүхдийг машин мөргөсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирсэн байна. Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад, Тоёота акуа маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч нь явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан хүүхдийг мөргөж, гэмтээсэн хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст шалгалтын ажиллагааг явуулж байна.
Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан байдаг.
Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, явган хүний гарц руу дөхөх үедээ хурдаа хасаж, анхаарал болгоомжтой зорчихыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.



