Нийслэл хотод түргэн тусламжийн машин дуудлагын дагуу очиход цаг алдах, зогсоолгүйн улмаас тойрч явах зэрэг хүндрэлүүд гардаг. Иймд нийслэлийн бүх хотхон, хорооллын хаалтыг саадгүй нэвтэрдэг болгох талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнгөрсөн оны сүүлээр Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллахдаа НЭМГ-ын дарга, холбогдох албаныханд чиглэл болгосон байдаг
Тэгвэл өнөөдөр /2026.01.26/ НИТХ-ын холбогдох албаныхан уг асуудлыг шийдвэрлэхээр Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж, хотхон, хорооллын бүх хаалтыг нээдэг тоноглолыг түргэний машинуудад суулгаж өгөхөөр болсон байна. Мөн Нийслэлийн түргэн тусламжийн төвд 78 түргэний машин өдрийн 3 ээлжээр дуудлагад явж байгаа ба 125 жолооч, 175 эмч ажиллаж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.
Сануулахад, ДХИС-ийн Цахим зайн сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Баттөр цагдаа, онцгой байдал, түргэн тусламжийн төвд ирүүлсэн дуудлага мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай шийдвэрлэх зорилгоор бүх төрлийн автомат хаалтыг нээх зориулалт бүхий смарт чипийг санаачилсан юм. Улмаар ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба болон ДХИС-ийн ахлах мэргэжилтэн Э.Баттөр, ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн багш, дэд профессор Ц.Тэнгис, Б.Дорж, Н.Ганхуяг нартай хамтран хотхон, хорооллын гаднах бүх төрлийн хаалтыг онгойлгодог чипийг зохион бүтээсэн юм.



