Санхүүгийн зохицуулах хорооны банк бус санхүүгийн байгууллагын газрын дарга Б.Итгэлсүрэнгээс шинээр хэрэгжиж эхлэх журмын талаар тодрууллаа:
-Зээлийн бодлогыг чангаруулж байгаатай холбоотойгоор шинэ журам баталсан тухай сонслоо. Энэ талаар тодруулахгүй юу?
-Хэрэглээний болон цахим зээлийн давхардлыг бууруулах шийдвэрийг хэлэлцэн баталлаа. Банк бус санхүүгийн байгууллагуудын олон тоогоор гаргадаг хэрэглээний зээлийг цөөлөх үүднээс төв банкнаас хэрэглээний зээлийг хумих бодлого барьж байгаа. Өмнө нь өр орлогын харьцааг 60/40 харьцаатай байхаар тооцдог байсныг 55 хувь болгож чангаруулсан. Ингэснээр гарах зээлийн тоо цөөрнө. Иргэдийг өрийн дарамтад оруулахгүй байх үүднээс зээлийн бодлогыг чангатгах шийдвэрийг гаргасан гэдгийг онцолмоор байна.
-Зээл олгох шалгуурыг чангалах яг ямар бодитой нөхцөл шаардлага байгаа юм бол?
-Сүүлийн жилүүдэд аппликэйшний зээлийн давхардал маш олон тоогоор үүссэн байна. Санхүүгийн зохицуулах хорооны шинэ журмаар хэрэглэгчийн зээлийн бодит мэдээллийг бодит цагийн горимоор өгч байх тохиргоог бүрдүүлэхээр болсон. Ингэснээр цахим зээлийн давхардал үүсэх нь багасна хэмээн тооцоолж байна.
-Одоогоор банк бус санхүүгийн байгууллагаас гарсан зээлийн хэмжээ хэр их байгаа юм бол?
-Банк бус санхүүгийн байгууллагад одоогийн байдлаар 7,2 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэл байгаагийн 8,4 хувь нь чанаргүй зээл байгаа юм. Цаашид чанаргүй зээл нэмэгдэх хандлагатай байгаа юм. 752 мянган зээлдэгч банк бус санхүүгийн байгууллагуудаас дээрх зээлийг авсан байна.
-Зээлийг ингэж чангаруулснаар зээл олголт хэр хэмжээнд багасна гэж тооцоолж байгаа вэ?
-Өнгөрсөн хавар бид автомашин барьцаалсан зээлийн журамд 40/60 харьцааг үүсгэсэн нь автомашины борлуулалтад тодорхой хувиар нөлөөлсөн хэмээн үзэж байгаа юм. Энэ удаагийн журам гарах зээлийн тоо хэмжээг бууруулна гэж тооцоолж байна.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.



