“Physical Asia” шоуны Филиппиний багийн ахлагч Жастин Ковени эхнэрийн хамт Монголд ирсэн. Тэд өнөөдөр /2026.01.29/ Чингисийн музейг үзэж сонирхсон ба энэ үеэр Жастин Ковенитэй ярилцлаа.
-Сайн байна уу. Юун түрүүнд Монголд ирсэн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Намайг Жастин Ковени гэдэг. Би Монгол хэл сурч байгаа. Монголд анх удаа ирж байна. Маш гайхалтай орон байна. Бас хүмүүс нь их нөхөрсөг, сайхан сэтгэлтэй ард түмэн юм. Эхнэр бид хоёрыг маш уриалгахан хүлээж авч байгаад баяртай байна.
Бид Монголын уул, нуруудаар болон хөдөө нутгаар аялахыг хүсэж байгаа. Бас Welcome to Mongolia нэвтрүүлгийг үзэхэд маш гайхалтай хоолнууд харагдсан учраас монгол үндэсний хоол идэхийг тэсэн ядан хүлээж байна. Бид Монголын багтай тун сайн найзууд. Тиймээс энд хийж үзэхийг хүссэн их олон зүйл байгаа.
-“Physical Asia” шоунд оролцох үеэрээ Монголын баг тамирчдыг хэрхэн харж байв?
-Шоуны хувьд гэвэл, Монголын баг маш хүчирхэг байсан. Эхний сорилтыг хараад л тэднийг басаж болохгүй гэдгээ ойлгосон. Солонгостой үлдээд финалын сорилтод ирэхэд дэлхий дахин тэр аяараа Монголын багт алга ташиж байсан. Маш хүчирхэг хүмүүс.
Өчигдөр эхнэр бид 2 Дөлгөөний тоглолтыг үзсэн. Тэгэхэд л Дөлгөөнийг яагаад Монголын багт багтсаныг нь ойлгосон. Учир нь тэр маш гайхалтай тамирчин байна лээ. Бодонс баг 1 оноогоор ялалт байгуулсанд маш баяртай байгаа.
-Яг одоо Монгол үндэсний дээлийг өмссөн байна. Танд ямар мэдрэмж төрж байна?
-Бидний өмссөн энэ дээлийг маш сайхан урлажээ. Монголчуудыг дээл өмсөж байгааг нь хараад бид ч бас өмсөхийг хүссэн. Гэтэл өнөөдөр энэ сайхан боломж гарлаа шүү дээ. Бас би түүх унших их дуртай. Чингис хааны түүх маш гайхалтай. Тийм ч учраас судлах дуртай байдаг. Энэ дээлийг өмсөхөд л Чингис хааны сүр хүч мэдрэгдэж, түүхийн нэгээхэн хэсэг болсон мэт санагдаж байна. Тийм болохоор гэртээ буцаж очсон ч өмссөөр байх болно.
-Өмнө нь манай улсад аялах талаар бодож байв уу?
-Өмнө нь бид хэзээ ч Монгол руу аялна гэж төсөөлж байгаагүй. Харин шоунд орсноороо энд ирж үзлээ. Цаашид ч дандаа Монголд ирэхийг хүсэж байна. Бид 3 хүүхэдтэй. Том нь хүү маань 4 настай, бага нь 2 ихэр. Тэднийгээ Монголд авч ирж, цас бариулж үзэхийг үнэхээр их хүсэж байна.
-Та өмнө нь Чингис хааны түүхийг судлах дуртай гэсэн шүү дээ. Яг одоо түүний музейг үзэх гэж байна?
-Тийм шүү бид 2 яг одоо Чингисийн музейг үзэх гэж байна. Дэлхийн талыг эзэлсэн маш хүчирхэг удирдагч. Магадгүй түүний цус монгол хүн бүрийн судсаар урсаж байгаа учраас тэд ийм хүчирхэг байдаг байх.
Дахин Physical Asia зохион байгуулагдвал Монголын багтай мөр зэрэгцэн оролцохыг би хүсэж байна. Баярлалаа та бүхэнд.
-Ярилцсанд баярлалаа.



