Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
А. АлтанцэцэгНамын бодлогоо дэмжээгүй гишүүдээ намнах тактик
- 2026/03/16

- -8 цаг -56 минутын өмнө

- 4 мин уншина

Өнөөдөр УИХ-ын хаврын чуулган эхэллээ. Энэ чуулганаар хэлэлцүүлэх хамгийн анхаарал татсан сэдвүүдийн нэг бол парламентын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл. Ерөнхийлөгчийн санаачилсан дээрх хуулийн төслөөр УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох боломжийг илүү ойлгомжтой болгож, хялбаршуулах зорилготой. Авлигын хэрэгт холбогдсон, идсэн уусан, танхайрсан, доромжилсон гээд их хурлын гишүүдээс гарсан олон факт бий. Энэ бүхнээс үүдэж УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах асуудал нийгэмд хүлээлт үүсгэсэн асуудлын нэг болсон билээ.

Гэвч сонгогчдын төр барих эрхийг улс төрийн зорилгоор намнах нам эвслийн бүлэглэлийн башир явуулга парламентын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төслийн далбаан дор үүсчих вий гэдэг болгоомжлол судлаачдын дунд байгаа юм.

Ардчилсан нийгмийн амин сүнс нь парламентын засаглал байдаг. Чухам энэ засаглал л бидэнд үг хэлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгож байгаа гол тулгуур багана юм. Тийм ч учраас парламентын гишүүн хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээдэггүй байх хуулийн боломжийг эдэлдэг. Гэхдээ энэ нь хувь гишүүнд биш түүнийг сонгосон төлөөллийн дуу хоолой байх боломжийг хамгаалж өгч байгаа хуулийн хамгаалалт билээ.

126 гишүүнтэй парламент 5 намын төлөөллөөс бүрдсэн. Нам бүр өөр өөрсдийн дүрэмтэй. УИХ-ын сонгуульд намаасаа нэр дэвшиж, парламентын гишүүн болсны хувьд тэд намынхаа өмнө үүрэг хүлээж байгаа. Нэг үгээр бол намын бодлогоо дагаж ажиллах үүрэгтэй гэсэн үг.
Харин нөгөө талд УИХ-ын гишүүд гэдэг улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт эрэмбэлж ажиллахаар сонгогчдоосоо мандат авсан чухал албатууд. Сая дурдсан хоёр шалтгаан парламентын 126 гишүүний өмнө намын гишүүний үүргээ биелүүлэх үү эсвэл УИХ-ын гишүүний тангаргаа мөрдөх үү гэдэг сонголтын аль нэгийг сонгох эргэлзээ үүсгэсээр ирсэн нь нүднээ илхэн асуудал болжээ.

Өнөөдрийн парламентыг МАН-ын дарга Н.Учрал удирдаж байна. Тэр бол парламентыг бүрдүүлж байгаа 5 намын хамгийн томынх нь дарга. Тэр утгаараа их хурлаар хэлэлцэх асуудлын дэг дарааллыг шийдэх, зохицуулах эрх түүнд бий. Парламентад асар нөлөөтэй Н.Учрал дарга Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг дэмжинэ гэдгээ тодорхой илэрхийлсэн. Үүнээс өмнө залуухан спикер намын даргын ажлаа гарддаг өдрөө намын гишүүддээ хандаж “тооноор орж ирдэг явдлыг хална” гэдгээ зарласныг ч бид мартаж болохгүй.

УИХ-д хамгийн олон суудалтай эрх баригч нам гэдэг утгаараа МАН-ын нөлөө парламентын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөлд өндөр хувиар нөлөөлөх магадлалтай. Тэгэхээр УИХ-д МАН-аас сонгогдон ажиллаж байгаа 54 гишүүнийг намын бодлогыг дэмжээгүй гэдэг шалтгаанаар эгүүлэн татаж, намын дуулгавартай төлөөлөгчөө их хурлын гишүүний суудалд нь шургуулж солихгүй гэх баталгаа алга байна.

Эргэн сануулбал намрын чуулганы хугацаанд их хурал дахь МАН-ын бүлэг бүлгийн гишүүдээ намын бодлого шийдвэр дагаж буй эсэхээр нь оноожуулах асуудлыг ярьж байсан бол одоо эрх баригчдын гишүүдийг хянах гэсэн дээрх оролдлого хууль болж, парламентын босгыг давах гэж зүтгэж явна.

УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг баталгаагүй болгож буй дээрх нөхцөл байдал ганц МАН-ын гишүүдээр хязгаарлагдахгүй нь тодорхой.

Парламентад суудалтай нам бүр гишүүдээ улс орны эрх ашгаас илүү намын бодлогоо барьж ажиллуулахаар Ерөнхийлөгчийн хуулийг дэмжих нь гарцаагүй.

Намын гишүүний үүргээ биелүүлэх үү эсвэл УИХ-ын гишүүний өргөсөн тангарагтаа үнэнч үлдэх үү гэдэг салаа зам УИХ-ын 126 гишүүний өмнө байна. Хэрэв УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хууль батлагдвал УИХ-ын гишүүний тангаргаас илүү намын гишүүний үүргийг биелүүлэх намын нөлөө бодитой болох аюул нүүрлэж мэдэх нь.

Парламентын засаглалаа улам баталгаажуулах үүднээс Монгол улс УИХ-ын гишүүдийн тоо 76 байсныг нэмж 126 болгосон. Гишүүдийг аливаа гадаад улс, бүлэглэлийн нөлөөнд автуулахгүй байх үүднээс парламентын гишүүдийн тоогоо бид нэмсэн. Ингэж бэхжүүлж ядаж явсан парламентынхаа дархлааг эрх баригчдын хоорондох зодооноос болж сулруулах эрсдэл хаврын чуулганы хугацаанд тохиох нь.

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудал үе үеийн парламентад яригдаж ирсэн сэдэв. Гэхдээ гишүүний бүрэн эрхийг эрсдэлд оруулах “гишүүнийг эргүүлэн татах” зохицуулалт парламентын засаглалыг унагаах хөшүүрэг болно хэмээн хойшлуулж өдийг хүрсэн байдаг.

Тухайлбал 1996 оны УИХ-д сонгогдон ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан Т.Очирхүүг сонгуульд өрсөлдөн ялагдсан нэр дэвшигч нь 300 иргэний гарын үсэг цуглуулж эргүүлэн татах асуудлыг их хуралд оруулж ирж байжээ. Тухайн үеийн хууль тогтоомжийн дагуу бол гишүүн асан Т.Очирхүүг эргүүлэн татагдах үндэслэл бүрдсэн гэдэг. Гэвч хуулийн цоорхойг ашигласан ёс зүйгүй уг процессыг УИХ хэлэлцэж Т.Очирхүүгийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хадгалж авч үлдэж байсан түүх байна.

Одоо мөрдөгдөж байгаа хуулиар тангаргаасаа няцсан УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах асуудлыг босгож ирэх боломжтой. Хуулийн боломж байсаар атал сонгогчдын төлөөллийн өөрийнхөөрөө ажиллах бүрэн эрхийг эрсдэлд оруулах нь ардчилалд лав ашиггүй хувилбар гэдгийг сануулах судлаач олон байна.
Парламентын засаглалын баталгаагаа ганхуулах уу, эс ганхуулах уу гэдэг түүхэн сонголтыг хийх хаврын улс төр ийн эхэллээ.