АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп бямба гарагт Иранд Ормузын хоолойг нээх 48 цагийн хугацаа өгч, “Хэрэв Ираны арми Ормузын хоолойг 48 цагийн дотор нээхгүй бол АНУ-ын армид Ираны эрчим хүчний байгууламжуудыг бөмбөгдөх тушаал өгнө” гэж мэдэгдсэн юм. Түүний өгсөн 48 цагийн хугацаа өнөө орой дуусна.
Харин Ираны арми өчигдөр “Хэрэв АНУ манай эрчим хүчний байгууламжуудыг бөмбөгдвөл бид Ормузын хоолойг бүрмөсөн хаах болно” гэж мэдэгдэв.
Мөн бямба гарагт Ираны арми Израилын өмнөд хэсгийн цөмийн станцад ойр орших хоёр хотод цохилт өгсний улмаас 180 хүн гэмтжээ. Бямба гарагт Израилын арми Ираны Натанз хот дахь цөмийн станцыг бөмбөгдсөний хариу болгож, Ираны арми тус халдлагыг үйлдсэн гэж мэдэгдсэн байна.
Ираны арми Ормузын хоолойг хаасны улмаас газрын тосны үнэ өссөн. Өнөөдөр Азийн томоохон компаниудын хувьцааны үнэлгээ буурчээ. Энэ нь Дэлхий даяар инфляц өсөх эрсдэл үүсгээд байгаа юм.
Газрын тосны үнэ Дэлхийн эдийн засагт нөлөөлж байгаа энэ үед Ираны арми Трампын өгсөн 48 цагийн хугацаанд багтаж, Ормузын хоолойг нээх эсэхийг Дэлхий даяар чих тавин хүлээж байна.
Эх сурвалж: CNN


