horoscope
horoscope
horoscope
userС. Энхжин

Ерөнхий сайд нуувчнаасаа цухуйна

post-img

Шинэ он гарлаа. Бүгд л өнгөрсөн жилийн ажлаа дүгнэж, ирэх оны төлөвлөгөөгөө гаргадаг цаг үе. Хурдтай, зоригтой ажиллахаа тунхагласан хамтарсан Засгийн газрын ажлыг дүгнэж үзье. МАН-ынхан олонхыг бүрдүүлсэн ч 42 суудалтай АН, найман гишүүнтэй болсон ХҮН намтай хамтрахаар шийдсэн билээ. Улсын төсөв дээр тэд нэлээд будилж, цаг алдсан нь үнэн. Алдагдал ихтэй, үрэлгэн төсөв оруулж ирчихээд Ерөнхий сайд нь ч үзэгдсэнгүй, сайд нарынх нь ирц ч тааруу байлаа. Эцэст нь Ерөнхийлөгч УИХ-аас баталсан төсөвт хориг тавьснаар түүхэнд анх удаа бүх үйл явцыг эхнээс нь давтсан. Үүний үр дүнд ашиггүй зардлуудаас 2.3 их наяд төгрөг танаж, анх удаа алдагдалгүй төсөв батлаад байна. Ийнхүү будилсан ч Засгийн газар араар нь зарим нэг ажлаа амжуулж чаджээ. Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох талаар Засгийн газар сүүлийн хоёр жилийн турш ярилцсаны эцэст оны төгсгөлөөр үр дүн нь гарч эхлэв. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээр байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг тэд өргөн барьж, парламент дэмжин баталсан юм. Мөн 30 гаруй жил гацаж буй Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурж, ирэх хавраас бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр болоод байна. Сүүлийн 20 гаруй жилийн турш хэрэгтэй, хэрэггүй хэмээн маргасан Бадрах Энержи-Оронагийн уран ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг УИХ батлах нэгдсэн шийдэлд хүрээд буй. Тэгэхээр хамтарсан Засгийн газар бүрэн эрхийн хугацаандаа хэрэгжүүлэхээр зорьсон 14 мега төслөөс ийнхүү гурав нь гараанаас гарсан гэсэн үг.

Л.Оюун-Эрдэнэ 2021 онд анх У.Хүрэлсүхийн халааг авч, Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогдсон. 1980-аад оны төлөөлөл ийнхүү Ерөнхий сайд болоход “Залуу хүн өөрөөр сэтгэж, хурдтай ажиллах байх” гэсэн итгэл, хүлээлт байсан юм. Тэрбээр ч авлигатай тэмцэнэ, системээр нь өөрчилнө хэмээн “5Ш” ажиллагааг эхлүүлсэн. Ардчилсан тогтолцоонд шилжсэн 34 жилийн 90 хувьд нь МАН буюу түүний тэргүүлж буй нам эрх барьсан. Тэгэхээр өөрийн намынхантай тэмцэнэ гэсэн үг. Нийтээрээ л дэмжиж байлаа. Гэвч олон нийтэд хаалттай, нуугдсан, бултсан байдалтай цаг хугацаа өнгөрч байсан тул иргэдийн итгэл алдарч эхэлсэн. 33 дахь Ерөнхий сайдаар улирснаасаа хойш ч энэ арга барил нь хэвээр байв. Тэрбээр өөрсдийнхөө тооллоорх 100 хоног дээрээ буюу Засгийн газар байгуулагдсан цагаас таван сарын дараа олон нийтэд нэг мэдэгдэл хийж, эдийн засаг сайн, сайхан байгааг танилцуулаад, “баталгаа” болгож  “Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашиг тараалаа. Мөн арванхоёрдугаар сарын 27-нд УИХ-ын нэгдсэн чуулганд оролцож, авлигатай тэмцэх “5Ш” ажиллагааны хүрээнд хийсэн ажлаасаа танилцуулж, 33 дахь Ерөнхий сайдаар улиран томилогдсоноосоо хойш бараг анх удаа гишүүдийн асуултад хариулав. Тэгвэл энэ бүхэн нуувчнаасаа ил гарч, хамтарсан Засгийн газар хаалга, цонхоо нээх эхлэл нь байсан бололтой. Учир нь шинэ оны мэндчилгээндээ Ерөнхий сайд “Хамтарсан Засгийн газар ордны өрөөнд шигдэн суухгүйгээр олон нийтийн дунд, их бүтээн байгуулалтын төв цэгт та бүхэнтэйгээ хамтран ажиллах болно” хэмээн мэдэгдлээ.

Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ нуувчнаасаа гарч, одоо л шууд асуултад зоригтой хариулж, ард түмэнд ил тод ажиллах аж. “Нуугдах” зууртаа тэрбээр дээрх төслүүдийг хөдөлгөх ажлыг амжуулжээ. Тиймээс өнөөх залуу хүний зоригоо харуулах нь уу гэсэн итгэл ахин төрж байна. Үнэн бол сайн хэрэг. Уг нь гүйцэтгэх засаглал ил тод л ажиллах учиртай юм шүү дээ.

Цаашид Засгийн газар сэргээгдэх эрчим хүчний төслүүд, Газрын тосны үйлдвэрийн дөрөвдүгээр багц ажил, хийн хоолойн болон нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих мега төслийг хэрэгжүүлэх аж. Үндэсний баялгийн санд 2024 онд стратегийн ордуудын 34 хувь иргэдийн хадгаламжийн данс болон төвлөрсөн, 2030 он гэхэд энэ хэмжээ 20 их наяд болно гэдгийг Ерөнхий сайд шинэ жилийн мэндчилгээндээ онцлоод, “Энэ бүхэн бол бидний сүүлийн гурван жилийн тэмцлийн үр дүн” хэмээн тодотгосон байна лээ. Ирэх онд галтай олон шийдвэр гаргана гэдгээ ч мэдэгджээ.

Ийнхүү хамтарч Засгийн газраа байгуулсны үр дүнд олон жилийн турш гадаад, дотоодын нөлөөнд байсан зарим төсөл урагшлах нь. Одоо тэдэнд гурван жилийн хугацаа үлдсэн. Хурдтай, үр дүнтэй ажиллах зорилгоо хэрэгжүүлэх, эсэхийг нь харж байя. Бас дээрх төслүүд эхэлсэн болоод мартагдах нь уу, эсвэл үнэхээр л зориг, ухаан гаргаад хэрэгжүүлж, ажил хэрэг болгох уу гэдгийг олон нийт харж байна. Гацсан төслүүдийг ажил болгож, эрчим хүчний дутагдлаа шийдэж чадвал хамтарсан Засгийн газрын түүхэн гавьяа болно.

0/1000