horoscope
horoscope
horoscope
userС. Энхжин

УИХ-ын гишүүн байсны төлөөх тусгай хангамж

post-img

УИХ-ын гишүүний бүрэн эрх Үндсэн хуульд заасны дагуу тангараг өргөснөөр эхэлж, дараагийн хүн тангараг өргөснөөр дуусгавар болдог. Гэвч зарим бүрэн эрх нь дахин нэг жил үргэлжилдгийг олон нийт саяхан мэдэв. Нийгмийн сүлжээгээр энэ талаар хэсэг шуугилдлаа. “Тэд яагаад энгийн иргэдээс давуу эрх эдэлдэг юм” гэж барьцсан, бухимдсан сэтгэгдэл хөвөрч байна.

Тэгвэл тэдний ямар бүрэн эрх таван жил үргэлжилдэг вэ. УИХ-ын тухай шинэчлэн найруулж баталсан хуулийн 41.9-д “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, гишүүнээр сонгогдохоосоо өмнө оршин сууж байсан газартаа шилжвэл өөрийнх нь болон гэр бүлийн гишүүний замын зардал, ачаа, тээшний хөлсийг авто тээврийн тарифаар тооцож олгоно” хэмээн заажээ. Энэ заалт иргэдийн дургүйцлийг төрүүлээд буй юм. Гишүүд цалингаас гадна хууль санаачилсны, сурталчилсны төлбөр зэргээр нэмэлт төсөв авдаг. Тэгсэн атал гишүүн биш, энгийн иргэн болсныхоо дараа ч улсын төсвөөс бүрэн эрхтэй байх үетэйгээ ижил цалинг бүтэн жилийн турш авна гэхээр шударга бус сонсогдох нь мэдээж.

Эдүгээ нэг УИХ-ын гишүүний үндсэн цалин 3.9 сая төгрөг. Тэгэхээр 46.8 сая төгрөгийг гишүүнээр улирч чадаагүй тав дахь жилдээ авч, “амраад” хэвтэж болно гэсэн үг.

Гэтэл энгийн иргэд ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмжийг нийгмийн даатгал төлсөн хугацаанаасаа хамааран, цалингийн 45-70 хувиар тооцуулан дөрвөн сарын турш  авдаг. Харин гишүүн аснууд цалингаа бүрэн, бас 12 сарын турш авдаг байх нь.

Тэгвэл дээрх заалтыг УИХ-ын тухай хуулийг 2024 оны тавдугаар сарын 16-нд шинэчлэн батлахдаа оруулж ирсэн юм биш. Ийм заалтыг анх 1997 онд УИХ-ын гишүүд хуульд оруулсан түүхтэй аж. 28 жилийн өмнө тэд өөрсдөдөө олгох ийм халамжийн бодлогыг баталж, дараа дараагийн парламент нь уламжлан дамжуулж ирсэн юм байна.

1992 оны УИХ-ын тухай хуульд иймэрхүү агуулгатай заалт бий ч ямар нэг тэтгэмж олгох бус, “УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан бол сонгогдохоос өмнө нь хийж байсан ажилд эгүүлэн томилох, тухайн албан тушаал нь байхгүй бол мөн үед авч байсан цалинг нь бууруулахгүйгээр ажил олгоно” гэж оруулж байжээ. Харин дараагийн УИХ нь өнөөдөр маргаан дагуулж, шүүмжлэлд өртөөд буй заалтыг нэмсэн байх нь. Гэхдээ тэд тэтгэмжийн хугацааг зургаан сар байхаар тусгажээ. Гэтэл 2006 онд зургаан сарын хугацааг нь жил болгон нэмсэн аж. Мөн сонгогдохоосоо өмнө оршин сууж байсан газар руугаа шилжих бол гишүүн асны болон гэр бүлийнх нь замын зардал, ачаа тээврийн хөлсийг төр хариуцах заалтыг энэ үед нэмсэн юм байна. Тэгэхээр 2024 онд УИХ-ын тухай хуулийг шинэчлэн найруулахдаа дээрх заалтаа л хуулж тавьсан гэсэн үг.

УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаанд авч буй цалинтай нь иргэд барьцахгүй. Тэд бол төрийн эрх барих дээд байгууллагад нийт ард түмнийг төлөөлөн сууж буй хууль тогтоогчид. Энгийн иргэнээс ялгаатай албан тушаал. Тэдний халдашгүй эрхийг хуулиар хамгаалдаг, тусгай эрх ямба, хангамж олгодог. Гэхдээ үүнийхээ хариуд хүлээсэн үүрэг, хариуцлагаа маш сайн гүйцэтгэх ёстой. Үүн дээр л хяналт тавьдаг болох нь гол анхаарах асуудал байгаа юм. Мөн энгийн иргэн болсных нь дараа тэдэнд бүтэн жилийн цалинтай тэнцэх тэтгэмж олгон эрхлүүлээд буйг л иргэд шүүмжлээд байгаа хэрэг. Ийм тэтгэмжийг тэдэнд заавал олгох ёстой юу?

Энгийн иргэд ажилгүйдлийн тэтгэмж авахын тулд тодорхой шаардлага хангадаг. Хоёр жил нийгмийн даатгал төлсөн, сүүлийн 12 сард нь тасраагүй байх ёстой. Гэтэл УИХ-ын гишүүн асанд ийм элдэв шаардлага үгүй. Гишүүн байсан л бол боллоо. Үе үеийн парламентын гишүүд өөрсдөдөө зориулсан ийм тэтгэмж авахаасаа татгалзсангүй. Хэн ч энэ заалтыг хасах санал оруулсангүй. Тэгвэл төсвийн мөнгийг ингэж үргүй зарахдаа ядаж “УИХ-ын гишүүн байхдаа ажил үүргээ хариуцлагатай биелүүлсэн үү, хуралдаа тасралтгүй сууж, ард түмний эрх ашгийг хамгаалахын төлөө ямар хууль санаачлав” гэдгийг ялгаж, хянах ёстой.

Дөрвөн жилийн турш УИХ-ын гишүүний ажлаа хариуцлагатай хийж, хэрэгтэй хууль, бодлого батлуулсан бол дахин нэг жил тэтгэмж аваг, хамаагүй. Харин хэлгүй мэт сууж, намынхаа бодлогын төлөө товчлуур дарсаар дөрвөн жилээ өнгөрүүлсэн, бас эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж, ард түмний биш, хувийн эрх ашиг, бизнесээ өөд татахад анхаарсан хүмүүст тэтгэмж өгөх ёсгүй.

46-47 сая төгрөг бол бага мөнгө биш. Нийт парламентын 40-50 хувь нь дараагийн сонгуульд улирч сонгогдохгүй, шинэчлэгддэг гэж тооцвол гурав орчим тэрбум төгрөгийг энгийн иргэн болсон гишүүн аснуудад зарцуулна гэсэн үг. Үүн дээр орон нутгаас сонгогдсон хүмүүсийн гэр бүлээрээ нүүх зардал нэмэгдэнэ. Тиймээс ажил үүрэг, хариуцлагатай нь халамж, урамшууллаа уялдуулдаг байхад анхаарвал яасан юм бэ, УИХ. Иргэд ч энэ чиглэлээс нь шаардаж, өөрчлөлт нэхэх хэрэгтэй байна.

0/1000