horoscope
horoscope
horoscope
userС. Энхжин

Жагсаалын эсрэг жагсаал

post-img

Эрх чөлөөний эвсэл намаас энэ сарын 11-нд “Засгийн газар огцор” нэртэй жагсаал зохион байгуулах гэж буй. Тэд ийм жагсаал хийх гэж буй тухай мэдэгдлээ өнгөрсөн сарын 18-нд нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт хүргүүлсэн юм. Монгол Улсын иргэн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй тухай Үндсэн хуульд заасан. Хэрэв энэ нь зөрчигдвөл иргэн бүр үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал цуглаан хийх эрхтэй. Тиймээс утаа, түгжрэл, ядуурал, авлига, татварын нэмэгдэл, ажилгүйдэл хэрээс хэтэрч, энэ бүхний эсрэг ажлаа хийж чадахгүй Засгийн газрыг огцруулж, талбайд нэгдэн, эрх чөлөөгөө баталгаажуулахыг дээрх намаас уриалж буй аж. Дэмжиж буй иргэд, байгууллага, улс төрийн намуудыг нэгдэхийг тэд хүссэн байна.

Сарын өмнөөс ийнхүү жагсахаа зарласны дараанаас тэдний эсрэг цуврал хариу арга хэмжээ авч эхэлжээ. Засгийн газрын тэргүүн иргэдийнхээ жагсаж цуглахаас ихэд эмээж буй бололтой. Юуны өмнө Эрх чөлөөний эвсэл намын дарга Б.Цацрал барууныхнаас мөнгөн хандив, даалгавар авч, уг жагсаалыг хийх гэж буй тухай аудио бичлэг нийгмийн сүлжээгээр цацагдав. 500 мянган долларын санхүүжилт авч буй агуулгатай уг бичлэгт гэвч итгэх хүн олон гарсангүй. Эсрэгээр “Ямар чадвар муутай эвлүүлэг хийгээ вэ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ удахгүй болох жагсаалаас их айж буй юм байна” гэх мэтээр бичих хүн л олон байлаа. Тухайлбал, шог зураач С.Цогтбаяр “Тэр бичлэгийг үзлээ, арай л халтуурджээ. Хиймэл оюун ухаан хөгжсөн цаг үед хүнээс мөнгийг нь авсан юм бол олигтой ажил хийхгүй дээ. Албаар ингэж нүдний булай, элэг доог болгох гэсэн зөв талын тагнуул хийсэн байж мэдэх юм” гэжээ. Эрх чөлөөний эвсэл намын дарга нь ч бичлэгийг үгүйсгэж, “Иймэрхүү асуудлаар цагдаагийн байгууллагад хандаад ч шийдэж өгдөггүй юм” гэсэн байна.

Мөн “Босоо хөх нацист” хэмээх бүлгэмийн хэсэг хүн мэдээлэл хийж, “Нэгдүгээр сарын 11-нд Э.Одбаяр, Д.Монголхүү нарын хийх гэж байгаа жагсаалыг болохоос нь өмнө ЦЕГ, ТЕГ нэн даруй таслан зогсоо” хэмээв.

Тэдний ард ямар нэгэн гадаадын тусгай алба ажиллаж, Монгол Улсыг хагалан бутаргах нь гэж тус бүлгэмийнхэн үзэж буй гэнэ. Мөн өөрсдийг нь “Засгийн газрын дэргэдэх бүлгэм” гэж хэлсэнд гомдолтой буйгаа хэлсэн байна.

Түүнчлэн УИХ-ын сонгуулийн дараа тус намын 40 нэр дэвшигчийг “Тайлан гаргаж өгөөгүй” хэмээн буруутгасан. Гэтэл тус намын нэр дэвшигчид анхнаасаа хандивын данс нээгээгүй гэнэ. Тиймээс бүртгүүлэх дансгүй, тавих тайлангүй яваа юм билээ. Хуулиар хандивын данс нээхгүй байх эрх намуудад бас бий. Уг асуудалтай холбогдуулан Эрх чөлөөний эвсэл намынхныг үргэлжлүүлэн шалгасаар, дуудаж байцаасаар байгааг дарга Б.Цацрал нь бичжээ.

Тэгвэл өнөөдөр Сүхбаатарын талбайд дээрх намынхны хийх гээд буйгаас арай өөр агуулгатай нэг жагсаал болох нь. “Ардын хүүхдүүд” гэж өөрсдийгөө нэрлэсэн хэсэг хүн  “Ажлаа хий” хэмээх жагсаал хийж, нийгмийн амьдралд тулгамдаад буй бүх асуудлыг хурдан шийдэхийг УИХ, Засгийн газраас шаардана гэдгээ мэдэгдэв. Байгалийн баялагтаа монгол хүн эзэн байх тухай ч шаардах гэнэ.

Гол агуулга нь “Засгийн газар огцор” биш, “Засгийн газраар ажлыг нь хийлгэе” байх нь. Аудио бичлэг, “Босоо хөх Монгол”-ын мэдэгдэл, “Ардын хүүхдүүд”-ийн жагсаал зэргийг нэг цогц ажиллагаа гэж хардаж болох нь. Жагсаалыг жагсаалаар саармагжуулах нь хуучны тактик.

Хамтарсан Засгийн газар байгуулагдаад таван сар гаруйн хугацаа өнгөрч байна. Ерөнхий сайд оны төгсгөлөөс эхлээд нуувчнаасаа цухуйж, бүрэн эрхийн хугацаандаа хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 14 мега төслийнхөө түрүүчээс хөдөлгөх алхам хийснээ зарлалаа. Олон жил гадаад, дотоодын нөлөөн доор хэрэгжихгүй гацсан хоёр ч төслийг хөдөлгөх гэж буй нь сайн хэрэг. Тэдэнд эхэлснээ дуусгах, үр дүнг нь харах хугацаа хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, огцрохгүй байх, тогтвортой ажиллах хэрэгцээ бий. Тиймээс Засгийн газраа огцруулахгүй авч үлдэхийн тулд хамгаалах тактик хэрэглэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ тэр нь хэтэрхий хуучин, эсрэгээрээ улам элэг доог болгох алхам болчихоод байгааг харж буй гэж найдна. Л.Оюун-Эрдэнийн хувьд 2021 оноос хойш Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж буй. МАН сүүлийн гурван сонгууль дараалан олонх болоод байна. Бүх шатны эрх мэдэл, боломж нь байсаар атал Улаанбаатар утаа, түгжрэлээсээ салсангүй. Салгахыг хүссэнгүй. Түгжрэл улам бүр нэмэгдэж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр байна. Сонгуулиар амласныхаа эсрэг ажиллагаа хийсээр удлаа. Энэ бүхнийх нь төлөө гүйцэтгэх засаглалыг шүүмжлэх бүрэн эрх иргэдэд бий. Тиймээс шаардлагыг шударгаар хүлээж аваад ажиллаж чадах, үгүйгээ харуулах ёстой.

Уг нь Ерөнхий сайд шинэ оны босгон дээр “Төрийн ордон дахь өрөөндөө нуугдахгүй, олон нийтийнхээ дунд орж ажиллана” хэмээн амласан юм сан. Өөрөө ч бас талбай дээр шударга ёс нэхэн жагссаныхаа хүчинд өнөөдрийн энэ албан тушаалд ирснээ мартаагүй байлтай. Тиймээс ард иргэдийнхээ жагсах эрхийг хаах биш, асуудалтай нүүр тулж, тавьсан шаардлагыг нь өөрийн биеэр хүлээж авч, хийж чадах, үгүйгээ харуулах хэрэгтэй байна. Зоригтой ажиллахаа тунхаглаад байгаа биз дээ, энэ Засгийн газар. Үнэхээр л үлдсэн гурван жилд утаа, түгжрэл, ажилгүйдэл, авлигыг бууруулж, татвараар ард түмнээ дарамтлахгүй байж чадах бол яагаад болоогүй жагсаалаас айна вэ. Харин үнэхээр эдгээр асуудлыг шийдэж барахгүй байгаа бол чаддаг хүмүүст нь зайгаа тавьж өгөх “зориг” бас хэрэгтэй.

0/1000