horoscope
horoscope
horoscope
userС. Энхжин

Удирдагчгүй жагсаал

post-img

“Засгийн газар огцор” нэртэй жагсаалыг Эрх чөлөөний эвсэл намаас өнгөрсөн бямба гарагт Сүхбаатарын талбайд эхлүүлээд байна. Утаа, түгжрэл, ядуурал, авлига, татвар, ажилгүйдэл хэрээс хэтэрснийг тэд эсэргүүцэж буй юм. Мөн энэ сарын 22 хүртэл өдөр бүр жагсахаа мэдэгдсэн. Жагсаалыг тэд зарлаж, эхлүүлсэн ч манлайлсангүй, удирдсангүй. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ нэхсэн, татварт дарлуулж ядарсан олон иргэн үүнд сайн дураараа нэгдэж буй юм. Нэг гол дүр тодруулж, тэр нь тайзан дээрээс чанга яригчаар уриалдаг төрлийн жагсаалд дассан иргэдийн хувьд энэ бүхэн нь арай өөр, бас зохион байгуулалт муутай, тодорхойгүй санагдсан биз ээ. Тэгвэл манлайлагч хайсан хүмүүст Эрх чөлөөний эвсэл намын дарга Б.Цацрал “Энэ жагсаалыг хэн ч удирдахгүй, толгойлохгүй. Бид өөрөө өөрсдийнхөө толгой, удирдагч байх болно. Тэгж байж энэ дарангуйллыг сөрж зогсоно. Засгийн газрыг огцруулах ёстой гэж бодсон хүн бүр өөрийн толгойгоо мэдээд, ирж нэгдэхийг уриалж байна” гэсэн тайлбар хийсэн юм. Л.Гүндалай, Ц.Оюунгэрэл зэрэг жижиг намын дарга нар ирж, тус тусдаа лайв дамжууллаа. Үнэхээр л утаа, түгжрэлийг шийдэхэд төрийн зөв, оновчтой бодлого дутагдаад буй учраас ажлаа хийж чадахгүй байгаа хотын дарга Х.Нямбаатар болон Засгийн газрыг огцруулах ёстой гэж нэгдсэн хүн олон байв. Гэхдээ Засгийн газар ч өөрийг нь эсэргүүцэхийг дэмий хараад суусангүй. Бидний өмнө нь бичсэнчлэн хамгаалах буюу будилуулах, үймээн үүсгэх замаар жагсаал зохион байгуулагчдыг харлуулах ажиллагаа өрнөв

Юуны өмнө энэ жагсаалыг эсэргүүцэж, зохион байгуулагчдыг нь шалгахыг шаардсан “Босоо хөх Монгол” хөдөлгөөнийхөн ирж, Төрийн ордны урд хаалгатай хамгийн ойрхон зогсоцгоов. Уг нь Чингис хааны хөшөө, шатны урдуур хамгаалах хаалт татсан байсан ч цагдаагийнхан бууснаар дээш өгсөх боломж бүрдүүлсэн юм. Цагдаагийн хамгаалалтыг яагаад буулгасан нь тодорхойгүй. Тэгмэгц иргэд урд хаалга руу дайрав. Бямба гарагт Төрийн ордон хоосон, гишүүд, сайд нар байхгүй. Ийм байхад хоосон ордон руу дайрах нь үймээн үүсгэхээс хэтрэхгүй. Тэгвэл ийнхүү дайрагчдын дунд дээрх хөдөлгөөнийхөн байгааг жагсагч Д.Монголхүү, Эрх чөлөөний эвсэл намын дарга Б.Цацрал нар мэдэгдсэн. Үүнийг батлах гэрэл зураг нь ч нийгмийн сүлжээнд цацагджээ.

Зохион байгуулагчид Төрийн ордныг тойрох үед ард нь явсан масктай хоёр эр Украины далбаа гаргаж ирэн хэдэн хором барьж жагсчихаад хураан зугтаж буй бичлэгийг Эрх чөлөөний эвслийнхэн бүтэн сайн өдөр цацлаа. Б.Цацралын барьсан  “Огцор” гэсэн бичигтэй лоозонг “Ц.Элбэгдорж бол Монголын аврал” хэмээн өөрчилсөн, согтуу хүмүүс оруулж, хамгаалагчид руу турхирах оролдлого хийсэн гэх мэт өдөөн хатгалга ч цөөнгүй боллоо. МАН-ын “хиамчид” уг жагсаалыг “өнгөт хувьсгал” хэмээн нэрлэж буй. Тэгвэл ийм нэртэй номыг мөнгөний хамт жагсаалын үеэр тараажээ. Залууст мөнгө дамжуулж буй бичлэг ч цацагдлаа. Уг нь зохион байгуулагчдын зүгээс зам хаахгүй, ямар нэг үймээнд турхирахгүй гэсэн. Гэвч бямба гарагт 15.00 цагаас эхлэн жагсагчид төв замын уулзварыг хааж, хэдэн цагийн турш хөдөлгөөн саатуулав. Жагсаал, цуглаанд оролцох, эсэх нь хувь хүний эрх. Гэвч мөрөөрөө яваа жолооч нарыг саатуулж, заавал хамт жагсахыг шаардав. Энэ бүхнийг эсрэг талын явуулга хэмээн жагсаал зохион байгуулагчид нь үзэж байна. Нийгмийн сүлжээнд ийм мэдээллүүдийг тодруулан түгээж буй хүмүүс нь хэний талд байр сууриа илэрхийлдэг вэ гэдгээс үнэндээ бүгдийг харж болохоор байлаа.

Гэхдээ дээр хэлсэнчлэн удирдагчгүй учраас тодорхойгүй зүйл бас байв. Хэдийгээр эрх чөлөөний эвсэл намаас удирдамж, зөвлөмж гаргасан ч үүнд нь жагсаал хэзээ дуусах тухай цаг байгаагүй юм.

Харин “Зохион байгуулалтгүй байна” гэсэн шүүмжлэл гараад эхэлсний дараа бүтэн сайн өдрийн зар дээрээ жагсаал 11.00-17.00 цагт үргэлжилнэ гэж тодруулжээ. Тиймээс эхний өдөр жагсаал талбайгаас Их тэнгэрийн ам руу шилжиж, шөнө дунд хүртэл үргэлжилсэн байна. Өчигдөр жагсаал товлосон цагтаа эхэлж, харьцангуй тайван үргэлжлэв.

Удирдагчгүй, иргэд өөр өөрийн толгойгоо мэдэн, сайн дураар нэгдэж буй нь энэ жагсаалын гол онцлог байлаа. Гэхдээ яагаад амралтын өдөр сонгов гэсэн асуулт бий. Магад Засгийн газартай ямар ч хэлэлцээ хийхгүй, тохиролцохгүй, тайлбар хүсэхгүй гэсэн учраас амралтын эсвэл ажлын өдөр байх нь чухал биш байсан бололтой. Харин ч амралтын өдөр иргэд олноор дэмжин, цугласан нь тэдний зорилго байсан биз.

Зарим нэг согтуу иргэн хамгаалагчид руу дайрч, нэг залууг бөөндөө угзарч, цохин биед нь халдсаныг эс тооцвол цагдаагийн байгууллагаас хэн нэгнийг баривчилсангүй. Эрх чөлөөний эвсэл намынхны лоозонг хураасан, гишүүдийнх нь биед халдсан тухай тэд мэдэгдсэн ч байдал ноцтой хэмжээнд хүрэлгүй, харьцангуй тайван үргэлжлэв. “Засгийн газрыг огцруулаад дахиад л өөр нэг луйварчин гарч ирнэ, юу ч өөрчлөгдөхгүй” гэсэн байр суурьтай хүмүүст зохион байгуулагчдын нэг болох АН-ын гишүүн Ц.Уянга “Л.Оюун-Эрдэнийг огцруулаад улс сүйрчих юм шиг, эсвэл Ерөнхий сайд хийх өөр хүнгүй юм шиг, угаасаа юу ч өөрчлөгдөхгүй учраас нэгийг нөгөөгөөр сольж яах юм бэ гэх мэтийн тархи угаах мэдээллээ сэвээд эхэлжээ. Огцруулж, хариуцлага тооцож чаддаг ард түмэн яагаад хөгжсөн, хүчирхэг байдгийг харьцуулаарай. Эхнээс нь огцруулж, сайжрах хүртэл нь сольж байж удирдлагын баг, менежментийн системийг зөв авч явах чадвартай хүнээ томилдог болно” гэжээ. Тэрбээр уг жагсаал биеэр ирж оролцсонгүй. Уг нь онгоцны тасалбараа захиалсан, хэзээ очихоо жиргэсэн байсан ч учирч болох эрсдэлийг бодоод нөхөр нь явуулаагүй гэнэ. Тиймээс цахимаар нэгджээ. Зохион байгуулагчид тайлбар хүсэхгүй гэсэн ч Ерөнхий сайдын зүгээс өнөөдөр ямар нэг байр суурь илэрхийлэх биз ээ.

0/1000