Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

Сүхбаатарын талбайд “Засгийн газар огцор” жагсаал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Эрх чөлөөний эвсэл намаас зарласан уг жагсаал энэ сарын 22 хүртэл буюу Л.Оюун-Эрдэнийн танхимыг огцортол үргэлжилнэ гэж буй. Гэвч иргэд нийлж жагсан, шаардлага тавих нь огцруулах хууль, эрх зүйн үндэслэл болохгүй. Одоогоор манай улсад УИХ-ын гишүүн, сайд нарыг иргэдийн саналаар огцруулдаг тогтолцоо байхгүй юм.

Монгол Улсад үйлчилж буй хууль, эрх зүйн хүрээнд Засгийн газрыг огцруулах эрх мэдэл гагцхүү УИХ-д хадгалагдаж байна. Асуудлыг УИХ-д оруулах хоёр арга зам бий. Юуны өмнө Үндсэн хуулийн 43.1-т заасны дагуу парламентын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь уг саналыг албан ёсоор гаргаж, улмаар олонх нь дэмжсэн нөхцөлд Засгийн газрыг огцруулдаг. Иргэдийн нэг хэсэг нь хамтарсан Засгийн газрыг утаа, түгжрэлийн эсрэг бодит арга хэмжээ авч чадахгүй байна гэж үзэж буй. Мөн эрчим хүчний салбарын үнийг зах зээлийн зарчимд нийцүүлэн чөлөөлж, цахилгааны төлбөрийг нэмсэнд бухимдаж байгаа. Өргөн хүрээнд харвал энэ нь зөв шийдвэр хэдий ч үе үеийн Засгийн газар сонгуулиар санал алдахаасаа айж, уг салбарын үнийг хүчээр барьж, татаас өгсөөр ирсэн юм.

Харин МАН, АН, ХҮН нам хамтарсан энэ цаг үед тэд олон жилийн буруу бодлогыг засахаар зориглосон. Гэвч энэ шийдвэрээ урин дулаан цагт хэрэгжүүлж, иргэдэд үнийн нэмэгдэлд сэтгэл зүй, санхүүгээ бэлдэх хугацаа өгөх ёстой хэмээн жагсагчид ярьж байна. Зарим нь шууд эсэргүүцэж буй.

Нөгөө талаар сонгуулиар амласан олон зүйлээ Засгийн газар хэрэгжүүлээгүй. Татвар нэмсэн нь үнэхээр иргэд, аж ахуйн нэгжүүдийг туйлдахад хүргэж байна. Энэ мэтээр зөвөөсөө илүү олон буруу шийдвэр гаргасан, утаа, түгжрэл дээр эс үйлдэхүй хийж байгаа тул иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ нэхэж жагсаж буй хэрэг.

Тэгэхээр УИХ-ын гишүүд иргэдийн энэ бухимдал, шаардлагыг хүлээн авч, 32-оос цөөнгүй хүн нийлж, хамтарсан Засгийн газрыг огцруулах саналыг парламентад оруулж болох нь. Ингэсэн нөхцөлд гурав хоногийн дотор УИХ-аар асуудлыг хэлэлцэж, олонх дэмжвэл Л.Оюун-Эрдэнийн танхим огцорно. Гэхдээ эл УИХ 118 гишүүнтэй “бүдүүн бүлэг”-тэй гэдгийг мартаж болохгүй. УИХ-д төлөөлөлтэй болсон дөрвөн нам, нэг эвслээс гурав нь хамтарч Засгийн газар байгуулсан. Тэгэхээр тэд нэг зорилготой. Гагцхүү хоёрдугаар ээлжид хоолонд орох хүсэлтэй АН, МАН-ынхан хамтарч, 32-оос цөөнгүй нь огцруулах асуудлыг өргөн барьж болно. УИХ-ын гишүүд бол бүх ард түмний төлөөлөл, тэдний эрх ашгийн төлөө ажиллах үүрэгтэй. Олонхын дэмжлэг авах магадлал муу ч эл үүргээ “бамбай” болгоод, хоёрдугаар ээлжид хоолонд орогчид хамтрах нэг хувилбар бий гэсэн үг. Ийм туршлага манай улсад олон. “Ардчилсан холбоо эвсэл” төрийн эрхийг барьсан 1996-2000 онд Засгийн газраа гурван удаа сольсон байдаг. АН-ын дотор “Элсний 13” нэртэй бүлэг бий болж, тэд МАН-ынхантай хамтран Засгийн газраа огцруулж байв. 2012-2016 онд мөн АН олонх болж, Шударга ёс эвсэлтэй хамтран Засгийн газраа байгуулсан. Н.Алтанхуягийн Засгийн газар АН-ын түүхэнд хамгийн удаан буюу хоёр жил гаруй ажиллаад мөн л АН-ын “Шонхор” фракцынхны МАН-тай хамтарсан явуулгаар огцорч байсан түүх бий.

Өөр нэг хувилбар бол Засгийн газар өөрөө огцрох. Засгийн газрын тухай хуулийн 22.1-т зааснаар “Биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос албан тушаалаас чөлөөлж өгөх тухай хүсэлтээ Ерөнхий сайд УИХ-д, Засгийн газрын гишүүн нь Ерөнхий сайдад тус тус өргөн мэдүүлж болно” хэмээн заасан. Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр огцорч, түүний орыг Л.Оюун-Эрдэнэ авсан түүх хуучраагүй байна.

Дөнгөж төрсөн эхийг “Ковид-19”-ын халдвартай хэмээн үзэж, гэрийн халаад, шаахайтай чигээр нь ХӨСҮТ рүү шилжүүлснийг иргэд шүүмжлэн жагсахад Ерөнхий сайд шууд огцрох хүсэлтээ гаргаж байсан юм. Хуулийн дагуу Ерөнхий сайд нь огцорвол Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсонд тооцдог. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ иргэдийн шаардлагыг хүлээн авч, өөрийн хүсэлтээр огцрох нэг хувилбар бий

. Гэвч эл жагсаал болох тухай мэдээлэл цацагдсан цагаас эхлэн хамгаалах арга хэмжээ авч буй Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр огцорно гэдэг нь юу бол. Жагсаалын хүчийг саармагжуулахын тулд өдөөн хатгагчдыг дунд нь оруулж буй. Хоёр дахь өдрийн жагсаалын үеэр Эрх чөлөөний эвсэл намын дарга Б.Цацралын биед хүмүүс халдаж, Сүхбаатарын талбайгаас хөөж гаргахаар оролдсон. Энэ үед нь цагдаа нар яагаад ч юм алга болчихсон. Уг нь уг жагсаалыг зарласан, эхлүүлсэн хүн нь тэр. Гэтэл “автор”-ыг нь хөөж гаргахыг оролдсон тэдгээр хүнийг Засгийн газрын талынхан л гэж олон нийт хүлээж авсан билээ. Тэгэхээр Ерөнхий сайд өөрөө огцрох хүсэлт гаргах магадлал маш бага. Тэрбээр бүрэн эрхээ дуустал ажиллах л сонирхолтой байна.

Тэгэхээр УИХ-ын гишүүдийн зүгээс ямар нэг санаачилга гаргах, эсэхийг харж байя. Засгийн газрыг огцруулах шаардлагын сургаар дараагийн Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлэгчид гарч ирсэн. УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Д.Энхтүвшин нарын нэр дуулдаж байна. Эсвэл олонхоороо Засгийн газраа хамгаалж үлдэх нэг сонголт бас бий.